Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Афганистаны Мазар-и-Шариф хотоос зургаан онгоц хөөрч чадахгүй байгаа талаар АНУ-ын конгрессын гишүүн мэдэгджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Афганистаны умард бүсийн гол хот Мазар-и-Шарифт америк, афган хүмүүсийг суулгасан зургаан нисэх онгоц саатаж, Талибаны тал хөөрөх зөвшөөрөл өгөлгүй олон хонож байгаа тухай АНУ-ын конгрессын гишүүн Майкл Маккаул өчигдөр мэдэгджээ.

Харин Талибаны тал үүнийг үгүйсгэж, нисэх онгоцнуудыг саатуулах ямар нэгэн арга хэмжээ аваагүйгээ Ням гарагт мэдэгдсэн байна.

Бүгд Найрамдах намаас Техас мужид сонгогдсон хууль тогтоогч, төлөөлөгчийн танхимын Гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Маккаул өчигдөр Fox News сувагт ярихдаа “Америкийн иргэд болон афган орчуулагчдыг суулгасан тусгай үүргийн зургаан нисэх онгоц Мазар-и-Шарифын нисэх буудалд саатсан. Талибанчууд тэдэнд хөөрөх зөвшөөрөл өгөхгүй байна. Талибаны тал ямар нэг зүйл солилцох сонирхолтой байгааг бид мэдэж байна” гэжээ.

Мазар-и-Шарифт нисэхээ хүлээж буй зарим хүний мэдээлснээр тэнд нийт 1,000 гаруй хүн байгаа бөгөөд Талибаны цэргүүд хоёр ч удаа ирж, хүмүүсийг баривчилж явсан гэнэ.

АНУ-ын төрийн департментын төлөөлөгч энэ тухай “Тэнд манай ямар ч төлөөлөгч байхгүй, манай ямар ч агаарын тээврийн хэрэгсэл байхгүй, бид Афганистаны агаарын орон зайг огт хянахгүй байгаа. Афганистанаас гарах хүмүүст саад хийхгүй гэсэн Талибаны талын амлалтад бид найдаж байна” гэжээ.

Пентагоны сүүлчийн нисэх онгоц наймдугаар сарын 31-нд нийслэл Кабул хотоос хөөрснөөр Афганистан дахь АНУ-ын цэргийн ажиллагаа өндөрлөсөн юм. Хоёр долоо хоног гаруй хугацаанд АНУ-ын тал 120,000 гаруй хүнийг Кабулын нисэх буудлаас гадаад орнууд руу нүүлгэн шилжүүлжээ.

Харин Мазар-и-Шариф хотын нисэх буудалд ямар шугамаар очсон нисэх онгоцнууд саатаад байгаа талаар албан ёсны мэдээлэл алга байна.

 

Эх сурвалж: BBC