Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хорио цээрийн дэглэмтэй холбоотой маргааны улмаас Бразил-Аргентиний тоглолт цуцлагдав

Т.Давааням, ikon.mn
2021 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

2022 онд Катарт болох хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шалгаруулалтын тоглолт Бразил, Аргентины шигшээ багуудын хооронд Ням гарагт болох байсан ч цуцлагджээ.

Сан Пауло хотын цэнгэлдэх хүрээлэнд тоглолт эхлээд таван минут өнгөрч байхад Бразилын албаныхан талбайд нэвтэрч, Аргентины дөрвөн тоглогч хорио цээрийн дэглэм зөрчсөн шалтгаанаар тэмцээнийг зогсоосон байна.

Тамирчид талбайг орхисноос хойш цагийн дараа тоглолтыг албан ёсоор цуцалжээ.

Болсон явдлын талаар FIFA-гийн сахилгын хороонд мэдэгдэх болсноо Өмнөд Америкийн Хөлбөмбөгийн Холбоо мэдэгдсэн байна.

Английн Премьер лигт тоглодог Аргентины тамирчид болох Кристиан Ромеро, Жовани Ло Челсо, Эмилиано Мартинез, Эмилиано Буэндиа нар Их Британиас Бразилд ирээд 14 хоног тусгаарлагдах ёстой ч энэ дүрмийг зөрчиж, шууд тэмцээнд оролцсон нь тоглолтыг зогсоох шалтгаан болжээ.

Сүүлийн үед Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний урьдчилсан шалгаруулалтын тоглолтуудад Өмнөд Америкийн багууд гол тоглогчдоо оролцуулж чадахгүй байгаа нь цар тахлын хорио цээрийн дэглэмтэй холбоотой.

Тухайлбал хорио цээрийн дэглэмээс болоод Европын клубүүд өөрийн Өмнөд Америк тоглогчдыг үндэсний шигшээ багтаа тоглохыг зөвшөөрөхгүй байгаа юм. Энэ шалтгаанаар өчигдөр Бразилын шигшээ баг Аргентины багтай тоглоход есөн гол тоглогч нь эзгүй байлаа.

Өмнөд Америкийн бусад улсууд ч ДАШТ-ий урьдчилсан шалгаруулалтад гол тоглогчидгүйгээр оролцож байна. Европ, Өмнөд Америкийн хооронд зорчиход 14 хоног тусгаарлагдаж цаг алдах нь лигийн тэмцээнд тамирчдаа оролцуулж чадахгүй байдалд хүргэж байгаа юм.

Английн Астон Вилла клубтэй Аргентины хоёр Эмилиано зөвхөн Бразилтай хийх тоглолтонд оролцоод буцахаар тохиролцжээ. Харин Мягмар гарагт Боливийн эсрэг хийх тоглолтод тэд оролцолгүй буцахаар болсон байна.

Гэтэл Аргентины Хөлбөмбөгийн Холбоо тэднийг бүх гурван тоглолтод оролцоно гэсэн маргаантай мэдэгдэл гаргаад байгаа.

Катар 2022 ДАШТ-ий урьдчилсан шалгаруулалтад Бразилын шигшээ баг Өмнөд Америкийн хэсгийг тэргүүлж байна. Тэднээс зургаан оноо дутуу Аргентины шигшээ баг дэд байранд жагсаж байгаа юм.

Оноогоороо хэсгийн эхний дөрвөн байранд жагссан шигшээ багууд Катар явах эрхээ авах ажээ.

 

Эх сурвалж: Reuters