Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн Mu хувилбар АНУ-ын бараг бүх мужид тархжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн мутацлагдсан Mu нэртэй шинэ хувилбарыг анхааралдаа авч, судалж эхэлснээ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) энэ долоо хоногийн эхээр зарласан билээ.

Уг хувилбар нь коронавирусийн эсрэг вакцинаар үүссэн болон халдвар аваад эдгэрсний дараа үүссэн дархлааг нэвтлэх чадвартай байж болзошгүй гэсэн таамаг яригдаж байгаа.

B.1.621 нэрээр шинжлэх ухаанд бүртгэгдсэн шинэ хувилбар анх энэ оны нэгдүгээр сард Өмнөд Америкийн Колумби улсад бүртгэгдэж байжээ.

Тэгвэл Mu хувилбарын халдварын тохиолдол АНУ-ын 47 муж болон нийслэл Вашингтон хотод бүртгэгдсэн тухай Newsweek сэтггүүлд өчигдөр мэдээлсэн байна.

Зөвхөн Небраска, Вермонт, Өмнөд Дакота гурван мужид л илрээгүй байгааг мэдээлжээ.

Хамгийн их тархалттай байгаа муж нь Аляска болсон байна. Тус мужид сүүлд 3,837 сорьцод геномын шинжилгээ хийхэд 139-д нь буюу 4 хувьд нь Mu хувилбарын вирус илэрчээ.

Харин үнэмлэхүй тоон утгаараа 232 тохиолдол илэрсэн Калифорни муж нэгдүгээрт бичигдэж байна.

Тодруулбал Калифорни мужид сүүлийн байдлаар 139,930 сорьцод геномын шинжилгээ хийхэд 232 тохиолдол илэрсэн нь нэг хүрэхгүй хувь болжээ.

Дельта хувилбарын тархалт хамгийн түгээмэл байгаа АНУ-д Mu хувилбарын тархалтын эзлэх хэмжээ одоогоор нэг хүрэхгүй хувьтай байна.

Ерөнхийлөгч Жо Байдены анагаах ухааны ахлах зөвлөх, доктор Энтони Фаучи өнгөрсөн Пүрэв гарагт ярихдаа Mu хувилбар АНУ-ын хүн амд шууд аюул занал учруулаагүй байгааг хэлсэн юм.

“Уг хувилбар нь вакцинаар үүссэн болон халдвараар үүссэн эсрэг биетүүдийг эсэргүүцэх чадвартай байж болзошгүй гэсэн таамаг бий. Гэхдээ үүнийг батлах клиникийн туршилтын мэдээлэл хангалттай их биш байна. Одоогоор ихэнх мэдээлэл лабораторид хийгдсэн туршилтынх байгаа юм” гэж Фаучи тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Business Insider