Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Жилийн 20 сая төгрөгийн төсөв цөлжилттэй тэмцэх зардлын 5%-д ч хүрдэггүй тул ирэх онд нэмэх санал оруулна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан цөлжилтийн асуудлаар Шинжлэх Ухааны Академийн харьяа, Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Баттогтох, Цөлжилтийн судалгааны салбарын тэргүүлэх зэргийн эрдэмтэн, доктор А.Хауленбек нартай уулзаж, Монгол орны цөлжилт, газрын доройтлын өнөөгийн байдал, зураглал, хамгааллын шинэ технологи турших, нутагшуулах судалгааны ажлын үр дүнгийн талаар хэлэлцэж, санал солилцлоо.

 
Гэрэл зургийн эх сурвалж: БОАЖЯ

Цөлжилт бүхий зарим аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр суман дахь Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн харьяа, Цөлжилтийн хээрийн судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцсаныг Н.Уртнасан сайд тодотгоод, тус төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, ажлын үр дүнг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.

Салбарын сайд цөлжилтийн асуудлыг зөв талаас нь харж, газар дээр нь ажиллаж, эрдэмтэн судлаачидтай зөвшилцөн, ул суурьтай хандаж, олон улсын төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавин, нөхөн сэргээлт, туршилт судалгааг салбарын харьяалал хамааралгүй дэмжин анхаарал хандуулж байгаад эрдэмтэд ихээхэн талархаж, цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.

Газрын доройтолд нэн хүчтэй өртсөн аймгуудад ажиллаж, орон нутгийн удирдлагуудтай санал солилцон, цөлжилтийн төсвийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байгааг судалгаагаар тогтоосон. Одоо зарцуулж байгаа төсөв, цөлжилттэй тэмцэх шаардлагатай ажлын нийт зардлын 5 хувьд ч хүрэхгүй байгааг Н.Уртнасан сайд онцлоод, ирэх оны төсөвт энэ асуудлыг тусгахаар боловсруулж байгаа тул эрдэмтэн, судлаачид саналаа боловсруулан өгөхийг хүссэн юм.

Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн харьяа, Булган аймгийн Рашаант, Гурванбулаг сум, Дархан-Уул аймгийн Орхон, Төв аймгийн Лүн сумдад байгуулсан цөлжилтийн хээрийн судалгааны төвийн ажлын явц, үр дүнгийн талаар доктор Д.Баттогтох танилцуулаад, БНХАУ-тай цөлжилтийн чиглэлээр олон төсөл хэрэгжүүлсэн. Туршилт судалгааг жижиг талбайд нилээн хийсэн нь амжилттай болсон. Гэвч шинжлэх ухаан, судалгаанд хангалттай төсөв олгодоггүй.

Мөн жилийн 20 сая төгрөгийн төсөв нь хүрэлцдэггүй гэдгийг учирлаад, хамтран ажиллах болсонд таатай байгаагаа илэрхийлэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг дээрх хээрийн судалгааны төвд ирж үйл ажиллагаатай биечлэн танилцахыг хүслээ. Ингээд цаашид хамтран ажиллах, 2022 оны төсвийн төсөлд санал өгөхөөр боллоо гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.