Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын Алибаба групп 2025 он хүртэл нийгмийн сайн сайхны төлөө олон тэрбумыг зарцуулахаа амлав

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Хятадын технологийн аварга компани Алибаба групп 2025 он хүртэл “бүх нийтийн хөгжил цэцэглэлт”-д зориулж, 100 тэрбум юаний ($15.5 тэрбум) хөрөнгө оруулахаа амлажээ.

Бээжингийн эрх баригчид сүүлийн үед томоохон хувийн компаниудыг ашиг орлогоосоо нийгмийн сайн сайхны тусын тулд зарцуулахыг дэмжсэн, бас албадсан бодлого явуулж байгаа.

Бусад компаниуд ч саяхан Алибабатай адил амлалт авсан юм. Тухайлбал Tencent Holdings компани энэ үйлсэд 100 тэрбум юань зарцуулахаа амлажээ.

Алибабагийн амласан мөнгө жижиг, дунд бизнесүүдийг дэмжихэд, онлайн худалдааны хүргэлт, такси дуудлагын үйлчилгээний жолооч нар зэрэг дижитал эдийн засгийн  ажиллах хүчний эрүүл мэндийн даатгал, нийгмийн хамгаалалд зарцуулагдах тухай Зэжян Ньюс вэбсайт мэдээлсэн байна.

Сүүлийн жил орчим хугацаанд Хятадын засгийн газар технологийн томоохон компаниудын монополыг эвдэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтын хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа.

Тухайлбал энэ оны дөрөвдүгээр сард монополын хуулийг зөрчсөн шалтгаанаар Алибаба групп $2.75 тэрбумын торгууль хүлээсэн юм.

 

Эх сурвалж: Reuters