Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улсын ерөнхий сайд огцрох саналаа илэрхийлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Япон улсын ерөнхий сайд Ёшихиде Сүга энэ сард болох эрх баригч Либерал Ардчилсан Намын даргын сунгаанд оролцох бодолгүйгээ өнөөдөр илэрхийлжээ.

Ингэснээр тэр ерөнхий сайдын суудлаас ердөө нэг жилийн дараа огцрох болж байна.

Өнөөдөр болсон Либерал Ардчилсан Намын удирдлагуудын шуурхай хурлын үеэр Сүга энэ саналаа хэлжээ.

“Өнөөдөр болсон шуурхай хурлын үеэр Сүга намын даргын сунгаанд оролцохын оронд коронавирусийн цар тахалтай тэмцэх ажилд бүх анхаарлаа хандуулж, ажиллах хүсэлтээ илэрхийллээ. Үнэнийг хэлэхэд энэ шийдвэр намайг гайхшрууллаа. Үнэхээр харамсалтай байна” хэмээн намын ерөнхий нарийн бичгийн дарга Тошихиро Никай сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Засгийн газрынх нь цар тахалтай хийж буй тэмцлийн үр дүнгээс шалтгаалан Сүгагийн нэр хүнд хамгийн доод түвшиндээ хүрээд байгаа. Өнгөрсөн сард Киодо мэдээллийн агентлагийн явуулсан санал асуулгаар түүний засгийн газрын рэйтинг 31.8 хувьтай гарсан нь өнгөрсөн хугацааны хамгийн доод түвшин байжээ.

 Ёшихиде Сүга өнгөрсөн онд эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаасаа огцорсон ерөнхий сайд Абэ Шинзог залгамжилж байсан юм. Олон нийт Сүгаг есдүгээр сарын 29-нд болох Либерал Ардчилсан Намын даргын сунгаанд ялалт байгуулж, албан тушаалаа үргэлжлүүлэн хашина гэсэн хүлээлттэй байв.

Коронавирусийн эсрэг хүн амаа вакцинжуулах ажил Японд бусад өндөр хөгжилтэй улс орнуудаас нэлээд хоцорч эхэлсэн бол тахлын тав дахь давалгаа одоо ид эрчимжиж байгаа.

Өнгөрсөн хугацаанд Covid-19 өвчний хүндрэлээр тус улсад 16,000 орчим хүн нас бараад байна.

Одоо 72 настай Сүга нь умард Японы Акита мужид гүзээлзгэний тариаланч, сургуулийн багш эцэг эхийн гэрт мэндэлж байжээ. Бага залуудаа нийслэл Токиод ирж үйлдвэрт ажиллахын хажуугаар дээд боловсрол эзэмшсэн Сүга 1987 онд Йокохама хотын иргэдийн төлөөлөгчдийн хуралд анх сонгогдож, 1996 онд парламентын гишүүн болсон байна.

Тэрбээр жирийн гэр бүлээс гаралтай ч Японы улс төрийн элит хүрээлэлд амжилттай орж чадсан хүн хэмээн олон нийтэд хүндлэгддэг юм.

 

Эх сурвалж: AFP