Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Малайзын паралимпын тамирчин талбайд хоцорч гарсан шалтгаанаар алтан медалиа хураалгажээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Токио хотод үргэлжилж буй паралимпын наадамд оролцсон Малайзын бөөрөнцөг түлхэлтийн тамирчин Мухаммад Зияд Золкефли өнгөрсөн Мягмар гарагт дэлхийн дээд амжилтыг тогтоож, алтан медаль зүүгээд байсан юм. Энэ төрөлд оюуны хөгжлийн бэрхшээлтэй тамирчид өрсөлддөг байна.

Гэтэл Олон Улсын Паралимпын Хороо түүний медалийг хураах шийдвэр гаргажээ.

Учир нь тамирчин медалийн төлөө шигшээ тэмцээнд оролцохоор талбайд гарахдаа гурван минут хоцорсон юм байна. Тухайн үед хоцорч ирсэн тамирчинд хүндэтгэх шалтгаан гарсан байж болзошгүй гэж үзээд тэмцээнд оруулжээ.

Харин дараа нь шалгахад Золкефли ямар ч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүгчдийг гурван минут хүлээлгэсэн нь тодорхой болсон байна.

Хураасан алтан медалийг энэ төрлөөс мөнгөн медаль аваад байсан Украины тамирчин Максим Ковальд шилжүүлжээ.

Малайзын тал медаль хураах шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан ч амжилт олоогүй байна. Тэд хэлний бэрхшээлээс болоод тамирчин нэрийг нь дуудаж байгааг ойлгоогүй гэж тайлбарлажээ.

Медаль хураах шийдвэр Малайзын олон нийтийн дунд бухимдал үүсгээд байна. “Энэ бол паралимпын үзэл санаанаас ухарсан шийдвэр. Дэлхийн дээд амжилт, алтан медалийг маань дээрэмдлээ” гэж Малайзын шинжлэх ухааны сайд Хайри Жамалуддин твиттер хуудсандаа харамсан бичсэн байна.

Малайзын хаан бас уг маргаанд оролцож, медаль хураалгах болсон шалтгааныг нарийвчлан шалгах, дахин ийм алдаа гаргуулахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг холбогдох албаны хүмүүст даалгасан тухайгаа мэдэгджээ.

Тус улсын хаан Султан Абдуллах Султан Ахмад Шах бас Золкефлигийн гаргасан амжилтаар бахархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Үүнээс гадна алтан медалийг шилжүүлж авсан Украины тамирчныг малайзчууд сошиал орчинд дайрч, доромжлох явдал гарсан байна.

Олон Улсын Паралимпын Хорооны хэвлэлийн төлөөлөгч Крэйг Спэнс “Дүрэм бол дүрэм. Шийдвэр гарсан. Шийдвэр гарахад Украины тамирчинд ямар ч буруу байгаагүй. Сошиал орчинд түүний эсрэг дайрч давшилж байгаад харамсаж байна” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: CNN