Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Айда” хар салхины улмаас АНУ-д 41 хүн амь үрэгдээд байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд АНУ-ыг дайрсан “Айда” нэртэй хүчтэй хар салхины улмаас дөрвөн мужид 41 хүн нас баржээ. Хамгийн олон буюу 23 хүн Нью Жерсид амь үрэгдсэн бол Нью Йорк мужид 14, Коннектикут мужид 1, Пеннсильвани мужид 3 хүн амиа алдсан байна. Амиа алдсан хүмүүсийн тоо цаашдаа нэмэгдэх төлөвтэй байна.

Карибын тэнгист үүссэн хар салхи Ням гарагт анх өмнөд эргийн Луйзиана мужийг дайрч, дараа нь АНУ-ын зүүн хойд эргийг чиглэсэн юм. Далайн мандал дээрээс их хэмжээний чийглэг агаарыг зөөвөрлөсөн хар салхи зам зуураа хүчтэй аадар бороо оруулсаар байгаа. Пүрэв гарагт “Айда” хар салхи Нью Йорк хотод нэг цагийн дотор 80 мм хур тунадас унагаснаас гэнэтийн их үер бууж, нам дор газруудыг усанд автуулсан юм. Үерийн улмаас тус хотын бараг бүх метроны өртөөнүүд усанд автаж, хаагджээ.

Нью Йорк мужид амиа алдсан хүмүүсийн 11 нь гэрийнхээ суурийн хонгилд живсэн байна.

 
 

Өнөөдөр буюу Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден гамшигт хамгийн их нэрвэгдсэн Луйзиана мужид очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцахаар болжээ.

Тэрбээр энэ удаагийн байгалийн гамшгийн гол шалтгааныг дэлхийн дулаарлаас үүдэлтэй гэж мэдэгдээд цаашдаа ийм хэмжээний байгалийн гамшигт бэлтгэлтэй байх шаардлага тулгарч байгааг онцолсон байна.

“Айда” хар салхины улмаас Луйзиана мужид 879,095, Миссиссиппид 26,657, Пеннсильванид 55,059, Нью Йорк мужид 17,535 хүн гэрэл цахилгаангүй нөхцөлд амьдарч байгааг эрчим хүчний компаниуд мэдээлжээ. Луйзиана мужийн цахилгаан хангамжийг сэргээхэд хэдэн долоо хоногийн хугацаа шаардагдах төлөвтэй байгаа аж.

АНУ-ын өмнөд болон зүүн эрэг дагуу хар салхины гамшиг нүүрлэж байх энэ үед баруун эрэгт өөр нэг гамшиг үргэлжилж байна.

Калифорни мужийн түүхэнд хоёрт орох ой хээрийн томоохон түймэр “Dixie Fire” нийтдээ 800,000 акр газрыг хамарчээ. Түймэрт 600 гаруй байшин барилга шатаж, цаашдаа 32,000 гаруй барилга галд өртөх өндөр эрсдэлтэй байна.

Энэ жилийн түймэр учруулсан хохирлын хэмжээгээр өмнөх оныхыг даваад байгаа тул Калифорни мужид онц байдал зарлах шийдвэрийг долоо хоногийн эхээр Цагаан ордноос гаргасан юм.

 

Эх сурвалж: BBC