Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

ТАЙЛАН: Системийн нөлөө бүхий банкуудын зээлийн чанар сайжирчээ

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Банкны салбарын хоёрдугаар улирлын тойм болон банкны өрсөлдөх чадварын тайланг Банкны холбооноос өнөөдөр танилцууллаа.

Макро эдийн засгийн салбарт гарсан өөрчлөлтийн тухайд “2021 оны эхний хагас жилд эдийн засаг 6.3 хувиар өссөн. Ийнхүү өсөхөд уул уурхайн салбарын өсөлт болон түүхий эдийн үнийн өсөлт гол нөлөө үзүүлсэн. Тухайлбал, уул уурхайн салбар 24%, бүтээгдэхүүний цэвэр татвар 23%-аар өссөн. Бусад салбарын хувьд өсөлт нэлээд удаашралтай буюу өсөлт нь нэг хувьд хүрэхгүй дүр зурагтай байгаа" гэдгийг Г.Бумчимэг онцлов. 

"Эдийн засаг хурдан сэргэх ньхөтөлбөрүүдээс гадна цар тахалтай тэмцэж буй ажлуудын үр дүнгээс шалтгаална"

  • Эдийн засгийг эрэлт талаас нь харвал өрхийн хэрэглээ 9 хувиар буурсан бол хөрөнгө оруулалт 12%-аар өссөн.
  • Эхний хагас жилд эдийн засаг 6.3 хувь өссөн. Бодлогын хүү буурсан нь дотоод хөрөнгө оруулалт өсөхөд нөлөөлсөн.
  • КОВИД-19-ийн улмаас экспорт биет хэмжээгээр буурсан.
  • Далайн тээврийн үнэ Ковид-ын өмнөх үеэс тав дахин өссөн байна. 

Мөн тэрбээр "Гадаадын шууд хөрөнгө оруулалт төдийлөн өсөлтгүй үед дотоодын хөрөнгө оруулалт өссөн. Монгол Улсын инфляц 2021 оны долдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 7.4% өссөн байна. Харин дэлхийн улс орнуудын инфляцад сөргөөр нөлөөлж буй нэг томоохон хүчин зүйл нь гадаад тээврийн зардал болоод байгаа. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд инфляц ихээр өсөж байгаа нь цаашид эдгээр орнууд хүүгээ өсгөх, ингэснээр дэлхийн зах зээл дээрх санхүүгийн нөхцөл байдал чангарах хүлээлттэй. Эдийн засгийг сэргээх хөтөлбөрүүдээс гадна цар тахалтай тэмцэж буй арга хэмжээнүүдийн үр дүнд эдийн засаг хурдан сэргэх нь шалтгаална" гэв.

"Эдийн засгийг сэргээх, идэвхжил удааширвал банкуудын зээлийн чанарт сөргөөр нөлөөлөхөөр байна"
 
Гэрэл зургийг MPA.mn

Банкны салбарын талаар Монголын банкны холбооны эдийн засагч Г.Батзориг "Банкны салбарын 2021 оны эхний хагас жилийн тоймыг товчоор илэрхийл гэвэл "Ганц дайчин ганцаардахгүй" гэх үг яг тохирохоор байлаа. Цар тахлын цаг үед Засгийн газраас эдийн засгийг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зарласан. Харин үүнийг нь санхүүгийн системийг бүрдүүлэгч банкны салбар өөр дээрээ дааж, хэрэгжүүлэхээр болсон.

2021 оны эхний хагас жилийн банкны салбарын онцлох өөрчлөлт, цаашдын хандлагыг харвал:

  • Эдийн засгийг дэмжих 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн хүрээнд гурван хувийн хүүтэй зээл болон 9 хувийн репо санхүүжилтийн нөлөөгөөр нийт зээл өсөж байна.
  • Зээлийн чанарын хувьд, системийн хэмжээнд 10 зээл тутмын нэг нь чанаргүйтсэн. Ялангуяа иргэдийн зээлийн багц аажмаар муудаж байна.
  • Ковидоос хойших дөрвөн удаагийн хөл хорионы нөлөөгөөр хугацаа хэтэрсэн зээл өсөж байсан бол цаашид буурах төлөвтэй. 
  • Банкуудын санхүүгийн үзүүлэлтийг харвал зээл, эх үүсвэр өсөлттэй. Санхүүгийн харьцаа үзүүлэлтээ хангаж байна.
  • Эдийн засгийн сэргэлт, идэвхжил удааширсан нөхцөлд банкуудын зээлийн чанарт сөргөөр нөлөөлөхөөр байна. Ялангуяа хэрэглээний зээл дээр хүчтэй нөлөөлөх төлөвтэй байна.
  • Ирэх нэг жилийн хугацаанд системийн нөлөө бүхий банкууд IPO хийхээр байгаа зэрэг нь цар тахлын энэ үед томоохон сорилт болохоор байна" гэв. 

Энэ оны эхний хагас жилд банкны зээлийн үлдэгдэл дунджаар 10 хувиар өсжээ.

 
МБХ

Шинээр олгосон зээлийн хэмжээ 2021 оны хоёрдугаар улиралд 57 хувиар өссөн.

 
МБХ

2020 оны есдүгээр сараас эхлэн эх үүсвэрийн (хадгаламж, харилцах) долларжилт буурах хандлагатай байв. 

 
МБХ

Тодруулбал, ам.долларын ханш сүүлийн хоёр жил төгрөгийн эсрэг чангарсантай холбоотой валютаар зээл гаргах банкуудын сонирхол буурав. Улмаар нийт зээлд валютын зээлийн эзлэх хувь тасралтгүй буурчээ.

Төрийн банкнаас бусад банкын чанаргүй зээлийн харьцаа үзүүлэлт буурсан дүр зураг ажиглагдсан. Зээлийн чанар хамгийн сайн байгаа нь Хаан банк, Хасбанк зэрэг иргэдэд голдуу үйлчилдэг банкууд байгаа юм.

 
МБХ

Түүнчлэн өнгөрсөн онд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан банкуудын зээлийн багц бууралттай байсан бол 2021 он гарсаар зээлийн багцууд өссөн. Үүнд, 10 их наядын хөтөлбөрын зээл голчлон нөлөөлсөн гэдгийг Г.Батзориг эдийн засагч хэллээ.