Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Амар: Төрийн санхүүжилтийн механизмуудад чанаргүй зээлийн хэмжээ өндөр байна

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Банкны салбарын хоёрдугаар улирлын тойм болон банкны өрсөлдөх чадварын тайланг Банкны холбооноос өнөөдөр танилцууллаа.

Банкны салбарт гарсан томоохон өөрчлөлтийн талаар Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Г.Амар "Эдийн засгийг дэмжиж буй ганц хөрөнгө оруулалт нь банкны зээл байлаа. Гэхдээ энэ нь урт хугацаанд үргэлжлэхгүй байх эрсдэлтэй. Учир нь банкны салбарт чанаргүй зээлийн эзлэх хувь хэмжээ буурахгүй байна. Ялангуяа цар тахал эхэлснээс хойш иргэдийн чанаргүй зээлийн хэмжээ мэдэгдэхүйц муудаж буй дүр зураг харагдаж байгаа юм. 

Чанаргүй зээлийн хэмжээгээр банк өөрийн хөрөнгөө бууруулах нөхцөл байдал үүсдэг. Ингэснээр цаашид шинээр зээл олгох боломжийг хязгаарладаг.

Цаашид эдийн засгийн цусны эргэлтийг өндөр хувьтай явуулахын тулд чанаргүй зээлийг шийдвэрлэх механизм, эрх зүйн орчныг үүсгэх шаардлага нэн тэргүүнд тулгарч байна. Төрийн санхүүжилтийн механизмуудад чанаргүй зээлийн хэмжээ өндөр байна.

Таатай мэдээ нь жигнэсэн дундаж хүүгийн хувь Засгийн газрын тавьсан зорилтын түвшинд ойртсон. Хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүдийг оруулж тооцвол зээлийн хүү сарын нэг хувь руу орж ирсэн. Цаашид энэ хэвээр нь авч үлдэхэд макро эдийн засгийн тогтвортой орчин, мөн хууль эрх зүйн орчныг авч явах шаардлагатай.  

Хадгаламжийн хүү 2020 оноос хойш 4.5 нэгж хувиар буурсан.

Түүнчлэн ААН, иргэдийн банканд итгэж байгаа итгэл хэвээр байна. Жишээ нь төгрөгийн хадгаламж өнгөрсөн хугацаанд 36 хувиар өссөн. Системд нөлөө бүхий том таван банкны эх үүсвэр өсөлттэй гарсан" хэмээн ярилаа. 

2021 оны эхний хагас жилийн байдлаар, системийн нөлөө бүхий топ таван банкны актив өсөлттэй байжээ. 

 
МБХ