Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгосын засгийн газар COVAX-ын тусламжийн вакцинаас татгалзжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын COVAX хөтөлбөрийн хүрээнд Умард Солонгост нийлүүлсэн Хятадын Синовак үйлдвэрийн гурван сая тун вакциныг тус улсын засгийн газар хүлээж авахаас татгалзжээ.

Тусламжийн гурван сая тун вакциныг цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа бусад улс орнуудад хуваарилах саналыг Пёньяны эрх баригчид гаргасан гэнэ.

Наймдугаар сарын 19-ний байдлаар Умард Солонгост коронавирусийн халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүйг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тоо баримт харуулж байна.

Цар тахлын эхэн үеэс Умард Солонгосын дэглэм хорио цээрийн хатуу арга хэмжээ хэрэгжүүлж эхэлсэн юм. Өнгөрсөн оны нэгдүгээр сард тус улс вирусийн аюулаас сэргийлэх зорилгоор хилээ хаасан дэлхийн анхны улсуудын нэг болж байв.

Долдугаар сард ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров өөрийн улсын бүтээсэн Спутник вакциныг нийлүүлэх саналыг Умард Солонгосын талд хэд хэдэн удаа тавьсан тухай ярьж байсан юм.

Умард Солонгосын суртал нэвтрүүлгийн хэрэгслүүд коронавирусийн эсрэг вакцины ач холбогдолд эргэлзсэн мэдээ байнга цацаж, АНУ, Европт вакцин тариулсны дараа эрсдэлд орсон хүмүүсийн тухай баримтуудыг тогтмол мэдээлдэг байна.

 

Эх сурвалж: BBC