Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улсад илгээсэн Модерна вакцинаас металлын бохирдол илэрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Модерна компанид бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг Япон улс хүн амынхаа дахлаажуулалтад ашиглаж байгаа билээ.

Савнаас нь гадны биет илэрсний дараа тус улсын эрх баригчид 1.63 сая тун вакциныг түдгэлзүүлэх арга хэмжээг өнгөрсөн долоо хоногт авсан юм. Түдгэлзүүлсэн багцын вакцинаар тариулсан хоёр иргэн нас барсан нь асуудлыг улам хүндрүүлжээ.

Гэхдээ хүн нас барсан тохиолдлууд вакцины бохирдолтой шууд холбоотойг батлаагүй, судалгаа үргэлжилж байгаа юм.

Тэгвэл өчигдөр Модерна компани Япон улс дахь вакциных нь нийлүүлэлтийг хариуцаж буй Такеда компанитай хамтарсан мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд өгүүлснээр Испанийн ROVI Pharma гэрээт үйлдвэрлэгчийн шугамд гарсан алдааны улмаас хэсэг вакцины найрлагад зэвэрдэггүй гангийн (stainless steel) хэлтэрхийнүүд орсныг шалгаж тогтоосон байна.

Гэхдээ металлаар бохирдсон вакциныг тариулсан хүмүүст зарим хариу урвал илэрч болох ч эрүүл мэндэд нь сөрөг нөлөөгүйг Модерна мэдэгджээ.

“Зэвэрдэггүй ганг зүрхний хавхлаг, үе мөчний орлуулагч зэрэг олон зүйлд өргөнөөр ашигладаг. Тиймээс Японд нийлүүлсэн вакцинаас илэрсэн хэлтэрхийнүүд хүний эрүүл мэндийг эрсдэлд оруулах боломжгүй юм” хэмээн тус компанийн мэдэгдэлд тайлбарласан байна.

Мөн хоёр хүн нас барсан тохиолдлыг “санамсаргүй давхцал” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Өнөөдрийн байдлаар Япон улсын хүн амын 46 орчим хувь нь коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байна.

 

Эх сурвалж: AFP