Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

“Mu” нэртэй коронавирусийн мутацлагдсан шинэ хувилбарыг судалж байгаагаа ДЭМБ мэдээлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Энэ оны нэгдүгээр сард Колумби улсад анх илэрсэн коронавирусийн мутацлагдсан хувилбар “Mu”-г судалж байгаагаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) мэдээлжээ.

Шинжлэх ухаанд B.1.621 нэрээр бүртгэгдсэн уг хувилбарыг одоогоор “анхаарал татаж буй хувилбар” ангилалд оруулаад байгаа юм байна.

“Mu” хувилбар вакциныг эсэргүүцэх чадвартай байж болзошгүй нь санаа зовоож байгаа бөгөөд хувилбарыг бүрэн танихын тулд үргэлжлүүлэн судлах шаардлагатайг ДЭМБ-ын тайланд мэдээлжээ. Covid-19 өвчнийг үүсгэдэг SARS-CoV-2 вирус цагийн уртад маш олон удаа мутацлагдаж, хувирсан байдаг. Гэхдээ тэдгээрээс цөөн хэд нь эх хувилбараасаа илүү аюултайд тооцогдож байна.

ДЭМБ одоогоор Альфа, Дельта, Бета, Гамма дөрвөн хувилбарыг “аюултай хувилбар” ангилалд оруулаад байгаа бол өөр таван хувилбарыг “анхаарал татаж буй хувилбар” ангилалд оруулжээ.

Тэдний нэг нь “Mu” хувилбар юм. “Mu” хувилбар анх Колумби улсад илэрснийхээ дараа Өмнөд Америкийн бусад улсууд, Европт бүртгэгджээ.

ДЭМБ-ын дэлхий даяар явуулсан нийт геномын судалгааны 0.1 хувьд “Mu” хувилбарын вирус илэрсэн бол Колумби улсад энэ хэмжээ 39 хувьд хүрээд байгаа гэнэ.

 

Эх сурвалж: AFP