Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгинохайрхан, Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшигчид тодорч эхэллээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Улс төрийн намууд УИХ-ын 18 болон 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж эхлээд байна. 

С.Эрдэнэ даргатай Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо нэр дэвшигчдээ тодруулах асуудлаар өнөөдөр хуралдаж, шийдвэрээ гаргажээ. Тус намаас УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг, 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарыг нэр дэвшүүлэхээр тогтсон байна. 

Харин МАН-ын Бага хурлын ээлжит хуралдаан өнөөдөр 16:00 цагт цахимаар хуралдахаар товлогдсон. 

Бага хурал руу Э.Батшугар, Ц.Идэрбат нарын нэрийг оруулж, санал хураалгах болсон гэдэг мэдээлэл байгаа. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН, МАХН нэгдэх асуудлаар хоёр намын удирдлагын түвшинд болсон яриа хэлэлцээрийн дагуу Э.Батшугарыг Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшүүлэхээр болж буй гэдэг мэдээлэл бий. 

Харин Хэнтийн тухайд мөн л Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН-д элссэн хуульч Л.Батжав тус тойрогт нэр дэвших хүсэлтээ намын удирдлагадаа илэрхийлж байв. Гэвч удирдлагын түвшинд аймгийнх нь Засаг дарга Ц.Идэрбатыг нэр дэвшүүлэхээр тогтсон бололтой. 

Хөдөлмөрийн үндэсний намын хувьд 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт тус намын Удирдах зөвлөлийн дарга Б.Найдалааг нэр дэвшүүлэх болсноо мэдэгдсэн. Тус нам 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохгүй аж.

Энэ удаагийн нөхөн сонгуульд нийт есөн нам, нэг эвсэл оролцохоор СЕХ-нд бүртгүүлснээр дээрх намууд нэр дэвшигчдээ үндсэндээ тодруулаад байна.