Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд шинэ ургацын хүнсний ногоо худалдаалж буй 25 БАЙРШИЛ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Алтан намар” хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа нийслэлийн 25 байршилд гарч байгаа бөгөөд долоон аймгийн 191 ногоочин оролцож байна.

Төмс нэг кг нь 500 төгрөг, байцаа кг нь 1,000 төгрөгөөр зарж байна. Хамгийн үнэтэй ногоо гэвэл хулуу нэг кг нь 3,500 төгрөгөөр, даршилсан мөөгтэй лечо, хүрэн манжин, лууван, байцааны салат болоод өргөст хэмхийг 4,000-8,000 төгрөгийн хооронд худалдаалж буйг ногоочид хэлэв.
 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн Хүнсний хангамж, үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Б.Номингэрэлээс “Алтан намар” үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтын талаар зарим зүйлийг тодруулав.

-Үзэсгэлэн худалдаанд оролцож буй түрээслэгч, ногоочдоос түрээсийн төлбөр авч байгаа юу?

-Хөдөө, орон нутгаас ирсэн ногоочид, түрээслэгчдээс ямар нэгэн төлбөр, түрээс авахгүй байхаар зохион байгуулж байна. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн Жуковын талбай дахь түрээслэгчдийн гаргасан хог тээвэрлэлтийг тус дүүргийн ЗДТГ-аас шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн тохижилт үйлчилгээний компаниас хог тээвэрлэлтийг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд түрээслэгчдээс хогны мөнгө огт авахгүй байгаа.

Түрээслэгчид өөрсдөө асар майхнаа зохицуулж байгаа бол хаягжуулах асуудлыг дүүргээс нэгдсэн журмаар хийж байна. Харин Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны 1,000 машины зогсоол дахь байршлын хувьд хамгийн олон буюу 69 ногоочин байршсан байгаа. Тиймээс хог, цэвэрлэгээний мөнгө болоод био 00-ийн ашиглалтын зардалд лангуу бүрээс сарын 5-10 мянган төгрөгийн төлбөр авахаар зохицуулалт хийсэн. Гэхдээ одоогоор мөнгө хурааж аваагүй байна.

-“Алтан намар” үзэсгэлэн худалдаанд шинээр оролцох ногоочид хаана бүртгүүлэх боломжтой вэ?

-Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас аймгуудтай байнгын холбоотой ажиллан, тогтмол судалгаа гаргадаг. Хөдөө, орон нутгаас орж ирэх ногоочдын 50 орчим хувь нь үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа. Есдүгээр сарын дунд үеэс ногооны болц сайжирдаг учир тэр үеэс эхлэн үлдсэн ногоочид хотод орж ирэх төлөвтэй байна. Иймд нийслэлийн зүгээс бэлтгэл ажлаа сайтар ханган ажиллаж байгаа.  

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан 25 байршлаас гадна байр, хорооллынхоо ойролцоо ногоо худалдаалах хүсэлтэй бол харьяа дүүргийнхээ Хүнс, худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд хандан хүсэлтээ гаргах боломжтой. Мэдээж ямар нэгэн төлбөр, хураамж авахгүй.

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/ болоод Стандарт, хэмжил зүйн газраас ногоочдын жин хэмжүүрийг баталгаажуулах, хүнсний ногооноос дээж аван, шинжлэх ажлыг эхлүүлээд байсан. Тус ажлын явц, үр дүн гарсан уу?

-“Ковид-19” халдварын улмаас иргэн, аж ахуй нэгжүүд санхүүгийн хүндрэлүүдтэй тулсан. Иймд нийслэлийн зүгээс бизнес эрхлэгчдээ дэмжих бодлогыг барьж байгаа. Энэ хүрээнд НМХГ Стандарт, хэмжил зүйн газартай хамтран ногоочдын жин хэмжүүрийг үнэ төлбөргүй баталгаажуулах, хүнсний ногооноос дээж аван, шинжлэх ажлыг хийсэн. Нийт 65 аж ахуйн нэгж, хувь иргэний хүнсний ногооноос дээж аван шинжилсэн бөгөөд эхний ээлжид 20 дээжийн хариу эрүүл ахуйн шаардлага хангасан гэж гарсан байна. Үлдсэн 45 дээжийн хариу энэ долоо хоногтоо гарах төлөвтэй байгаа.

-Хүнсний ногооны үнэ ханш ямар байна вэ. Зохион байгуулагчдын зүгээс үнэ тогтоох эрхтэй юу?

-Зохион байгуулагчдын зүгээс үнэ тогтоох боломжгүй. Үзэсгэлэн худалдааны байршил, түрээслэгчдийн тоо болоод гарал үүслээсээ шалтгаалан үнэ ханш өөр өөр байна. Гэхдээ дундаж үнэ 100-200 төгрөгийн зөрүүтэй байгаа нь судалгаагаар гарсан.