Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос дэлхийд анх удаа Apple, Google-ийн монополыг халах хууль баталлаа

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт Өмнөд Солонгосын парламент гар утасны аппликэйшнийг худалдаж авахдаа заавал Apple, Google компаниудын төлбөрийн системээр дамжуулдаг байдлыг халах хуулийн төслийг олонхын саналаар дэмжжээ.

Ингэснээр тус улс App Store, Play Store системүүдийн монополыг халах хуультай дэлхийн анхны улс болж байна.

Цаашдаа дэлхийн бусад улс орнуудад жишиг болж хэрэгжих магадлалтай болжээ.

АНУ-ын гурван сенатор саяхан Apple, Google-ийн аппликэйшн дэлгүүрүүдийн онцгой эрхийг цуцлах хуулийн төсөл санаачилсан бол Европын Холбооны хууль тогтоогчид мөн энэ сэдвээр ид хэлэлцэж байгаа.

Одоогоор дээрх хоёр компани бүх аппликэйшний орлогын 30 хүртэл хувийг шимтгэл болгон авдаг. Ингэхдээ бүх борлуулалтыг өөрсдийн төлбөрийн системээр заавал дамжуулдаг юм.

Өмнөд Солонгосын шинэ хуулинд зааснаар хэрэглэгчид аппликэйшний төлбөрийг ямар хэрэгслээр төлөхөө сонгох эрхтэй болох ажээ. Шинэ хуулийг энэ сараас мөрдөж эхлэх гэнэ.

Үүнээс гадна Өмнөд Солонгосын засгийн газар аравдугаар сараас эхлэн онлайн орчинд төлсөн бүх төрлийн контентын төлбөрөөс шимтгэл авахаар болжээ.

Одоогоор зөвхөн онлайн тоглоомын төлбөрөөс шимтгэл авдаг юм.

Өмнөд Солонгосын парламент хуулийг хэлэлцэж эхлэхээс өмнө Apple компани бусад төлбөрийн хэрэгслүүдийг App Store дэлгүүрт нэвтрүүлбэл луйвар, хувийн мэдээллийн хулгай даамжрах эрсдэлтэйг анхааруулж байв.

“Хэрвээ энэ санал дэмжигдвэл App Store дэлгүүрт итгэх хэрэглэгчдийн итгэл суларч, өнөөдрийг хүртэл 8.55 их наяд воны орлого олоод байгаа Солонгосын 482,000 гаруй бүртгэлтэй аппликэйшн хөгжүүлэгчид хохирно” гэж Apple мэдэгджээ.

Apple, Google компаниуд Өмнөд Солонгосын аппликэйшний зах зээлд ноёрхдог.

2019 онд Google компанийн Play Store энэ улсын аппликэйшний зах зээлийн 63 хувь, Apple-ийн App Store 24.4 хувийг эзэлж байжээ.

 

Эх сурвалж: AFP