Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Афганистанаас явсан сүүлчийн Америк цэргийн гэрэл зургийг Пентагон нийтэд үзүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Наймдугаар сарын 30-ны шөнө сүүлчийн Америк цэрэг Афганистанаас явснаар 20 жил үргэлжилсэн дайнаа АНУ-ын эрх баригчид дуусгасан билээ.

Афганистанаас хамгийн сүүлд гарсан цэргийн гэрэл зургийг өчигдөр Пентагон нийтэд үзүүлжээ.

Энэ хүн бол АНУ-ын агаарын десантын XVIII корпусын 82 дугаар дивизийн командлагч, хошууч генерал Крис Донахью юм байна.

Тэрбээр Кабулаас иргэдийг нүүлгэн гаргах ажиллагааг удирдаж байсан хүмүүсийн нэг юм. Тухайн үед Хамид Карзайн нэрэмжит Кабулын олон улсын нисэх буудалд таван ширхэг C-17 нисэх онгоц зогсож байжээ. Эдгээр онгоцнууд Донахьюг тушаал өгснөөс хойш 10 минутын дотор бүгд хөөрсөн байна. Генерал хамгийн сүүлд хөөрсөн онгоц руу орж байгааг гэрэл зураг харуулжээ.

 

Нэг C-17 онгоц 105 зорчигч тээвэрлэх багтаамжтай. Тухайн үед Донахьюгийн удирдлага дор 500-600 орчим цэрэг үлдээд байжээ.

Афганистанаас хүссэн бүх хүнийг нүүлгэж чадаагүй ч наймдугаар сарын 14-нөөс хойш нийт 122,000 гаруй хүнийг нүүлгэснээс 6,000 орчим нь АНУ-ын иргэд байсныг Пентагон мэдээлсэн юм.

Генерал Крис Донахью дайн эхлэх гол шалтгаан болсон 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын үеэр Пентагонд ажиллаж байжээ. Тэрбээр 2002 онд анх удаа Афганистанд очсон байна. Сүүлд дөрөв дэхь удаагаа Афганистанд үүрэг гүйцэтгээд буцсан нь энэ юм.

Афганистанаас гадна тэр Сири, Ирак дахь тусгай ажиллагаануудад олон удаа оролцсон юм байна.

20 жил үргэлжилсэн Америкийн түүхийн хамгийн урт дайны үеэр нийт 2,461 цэрэг амиа алджээ.

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Кабулын нисэх буудалд гарсан террорист халдлагын үеэр АНУ-ын 13 цэрэг алагдсан нь сүүлийн 10 жилийн хамгийн их хохирол амссан өдөр болсон байна.

 

Эх сурвалж: CBS News