Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Солонгоо: Засгийн газар "Оюу толгой" компанитай холбоотой татварын маргааныг үргэлжлүүлэх байр суурьтай байгаа

Г.Номин, iKon.mn
2021 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо "Оюу толгой" төсөлтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Оюу толгой төсөлтэй холбоотой зардал хэтрэх асуудал хоёр дахь удаагаа гарч байгаа.

Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хоёр жилийн хугацаагаар хойшилж, зардал анх төсөвлөсөн хэмжээнээс 30 гаруй хувиар буюу 1 тэрбум 450 сая ам.доллароор хэтрээд байна. Өмнө нь ил уурхайн бүтээн байгуулалттай холбоотойгоор 2013 онд зардал хэтэрсэн асуудал гарч байсан. Энэ асуудлыг Дубайн гэрээ буюу Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөн дээр Засгийн газраас хүлээн зөвшөөрөөд явсан. 

Энэ удаад Засгийн газар хөндлөнгийн шинжээчидтэй ажиллаж, зардал нэмэгдэх шалтгаанууд юу байв гэдэг дээр тайлбар авлаа. Нийт 157 хуудас, маш дэлгэрэнгүй тайлан гарсан. "Оюу толгой"-н ТУЗ гүйцэтгэх удирдлагадаа хяналт тавьж, үйл ажиллагаагаа явуулах ёстой. Сая хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргах явцад "Оюу толгой"-н ТУЗ-өөс тусгай хороо байгуулсан. Энэ хороо ажлаа маш сайн хийсэн. Үүнтэй адил төсөлд хяналт тавих хороо ажиллах боломжтой. 

Төрийн өмчит "Эрдэнэс Оюу" толгой компанид ирүүлдэг тайлан, мэдээнүүдэд хяналт тавьж ажиллалаа. Энд ирдэг мэдээ, тайлангууд хэт ерөнхий агуулгатай байна. Тиймээс цаашид "Рио Тинто", "Туркойз Хилл Ресурс" компанид очиж байгаатай адил нарийвчилсан мэдээг цаг тухайд нь авдаг байх чиглэлээр санал гаргасан. Энэ асуудлаар ахиц гарвал тухай бүрд нь мэдээлэл өгнө. 

Засгийн газрын зүгээс татварын маргааныг үргэлжлүүлэх байр суурьтай байгаа. Ер нь бол бидний эхлүүлсэн биш "Оюу толгой" компанийн үүсгэсэн маргаан юм. Татварын хоёр акт дээр маргаан үүсгэсэн. Засгийн газраас татварын актыг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Тиймээс зөвшилцөх, эвлэрэх үндэслэлгүй бөгөөд татварын маргаан үргэжлээд явна

Гүний уурхайн бүтээн байгуулалт удааширч, 2020 оны эцсээр ашиглалтад орох хугацаанаас хошилсноор цар тахлын хүндрэлтэй байгаа энэ үед манай улсын төсвийн орлого багасаж байгаа. Үүнийг үндэслээд ирээдүйд ирэх үр өгөөжийг өөрөөр хэлбэл, ногдол ашгийг урьдчилсан байдлаар төлөх санал тавьж байна гэж бид ойлгож байна. Гэхдээ энэ саналыг маш дэлгэрэнгүй судлах, нөхцөлүүдийг нь тодорхой ярилцах ёстой" гэлээ. 

ВИДЕО ҮЗЭХ: 

https://fb.watch/7JxhyEcqyT/