Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: 3%-ийн хүүтэй, ажлын байрыг дэмжих зээлийг цаашид ЖДҮ-ийн болон иргэдийн бизнесийг дэмжих зорилгоор нэмнэ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Тэрбээр "10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд нийт 56 цогц үйл ажиллагаа хэрэгжих учиртай. Эдийн засагт үр нөлөөгөө өгч байгаа, хамгийн их эрэлттэй гурван төрлийн зээл байгаа. Ажлын байрыг дэмжих, репо санхүүжилт, ипотекийн зээл юм.

Гурван хувийн хүүтэй ажлын байрыг дэмжих зээлийн төлөвлөгөө амжилттай хэрэгжээд гүйцэж байна. Энэ хугацаанд нийт 24 мянган зээлдэгчид тус зээл очсон. Үүнээс 18 мянган иргэн, 5,000 гаруй аж ахуйн нэгж зээл авсан байна. Тухайн зээлүүдийн ард 125 мянган ажлын байр хамгаалагдсан. 

Зээлийн хувьд гол шаардлага нь НӨАТ төлөгч байх ёстой. Төсвийн орлого төлөвлөж байснаас таван хувиар давж биелсэн. Ажлын байрыг хамгаалах, эдийн засгийг тогтворжуулах зорилгоо ажлын байрыг дэмжих зээл биелүүллээ.

Гурван хувийн хүүтэй, ажлын байрыг дэмжих эргэлтийн хөрөнгийн зээлийг цаашид жижиг дунд үйлдвэрлэлийн хэмжээнд болон иргэдийн бизнесийг дэмжих хөрөнгө оруулалтын зорилгоор нэмж, эдийн засгийн идэвхжүүлэлтийг хийх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Ойрын хугацаанд төв банк болон банкуудтай хамтарч эдийн засгийг дахин сэргээх бодлогын үйл ажиллагаа үргэлжилнэ.

Дотоодын үйлдвэрүүдийг дэмжих хуулийг аравдугаар сарын 1-нд өргөн барина

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын шийдвэрээр таван чиглэлийн үндэсний хороо байгуулагдсан. Хоёр чиглэлийн хорооны дэд даргаар миний бие ажиллаж байгаа. Үүний нэг нь КОВИД-19-ийн дараах эдийн засгийн дахин сэргэлтийг бий болгох бодлогын эрх зүйн орчныг бий болгох зорилготой. Энэ ажлын хүрээнд шинэ хуулийн текстийг бичих ажил руу орсон.

Экспортыг дэмжих, импортыг орлох дотоодын үйлдвэрүүдийг дэмжих, төр хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргах гэх мэтчилэн найман үндсэн агуулга бүхий шинэ хуулийг бэлдэж байна. Аравдугаар сарын 1-н гэхэд 2022 оны шинэ төсвийг өргөн барихтай зэрэгцэн хуулийг УИХ-д өргөн барьж, энэ намартаа амжиж батлуулна" гэлээ. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/571411817548506