Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Ариунболд: "Гадаад зээл"-ийг Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг болгож, улсын хэмжээнд 504 хүүхдийг шалгаруулахаар боллоо

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Боловсролын зээлийн сантай холбоотой мэдээллийг тус сангийн удирдлагууд өнөөдөр танилцууллаа.

Энэ талаар Боловсролын Зээлийн Сангийн Захирал Ж.Ариунболд “Боловсролын зээлийн сантай холбоотой үндсэн мэдээллүүдийг та бүхэнд хүргэе. Эхнийх нь гадаад зээлтэй холбоотой. Боловсролын зээлийн сан нь 1997 оноос дэлхийн тэргүүлэх, шилдэг их, дээд сургуулиудад оюутнуудыг сургаж эхэлсэн. Тус үйл ажиллагаа 2020 он хүртэл үргэлжилсэн. Харин цаашид Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг болон өөрчлөгдөж байна.

Тодруулбал, Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн жил бүр хэрэгжинэ. Монгол Улсын 21 аймгийн 330 сум, Улаанбаатар хотын есөн дүүргийн 171 хорооноос нийт 504 хүүхдийг сонгон шалгаруулж “Дэлхийн шилдэг их, дээд сургууль” болон “Гадаадын их, дээд сургууль”-д суралцах боломж олгоно.

2021 оны ЭЕШ өгсөн төгсөгчид:

  • Элсэлтийн ерөнхий шалгалтад 330 сум 171 хорооноос тус бүр гадаад хэл, математикийн хичээлээр хамгийн өндөр оноо авсан нэг суралцагч тэтгэлэгт хамрагдана.
  • Шалгуур хангасан төгсөгчид 2021-2022 оны хичээлийн жилд нэгдүгээр курст суралцах явцдаа нэг жилийн хэлний бэлтгэл хөтөлбөрт хамрагдаж, шалгалтад босго оноо давсан эхний 50 орчим суралцагч  “Дэлхийн шилдэг их дээд сургууль”-д суралцаж бусад суралцагчид “Гадаадын их дээд сургууль”-д элсэн суралцах боломжтой.
БЗС-гаас жилд 40 хүүхдийг дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад суралцуулдаг байсан бол цаашид 500 гаруй хүүхдийг суралцуулахаар болсон. Мөн өмнө нь хүүхдүүд зээлээр суралцдаг байсан бол одоо тэтгэлгээр суралцах гэж буй онцлогтой" гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр "Түүнчлэн Боловсролын зээлийн сан нь дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын магистр, докторт сургадаг. Энэхүү үйл ажиллагаа үргэлжилж байгаа ба цаашид Ерөнхий сайдын тэтгэлэг болж илүү өргөн хүрээг хамрах шийдвэрийг Засгийн газраас өнөөдөр гаргана байх" гэв.