2021-2022 оны хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас хүргэлээ.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир "Хүүхдийн зам тээврийн ослоос сэргийлэхийн тулд Тээврийн цагдаагийн албанаас олон арга хэмжээг зохион байгуулж байна.
Тухайлбал, маргааш сургууль орчмын гарцууд дээр Тээврийн цагдаагийн алба бүрэн бүрэлдэхүүнээр ажиллана. Мөн хүүхдээ аюулгүй тээвэрлэж буй эсэхийг хянах юм.
Эцэг эхчүүдийн гаргаж буй нийтлэг алдаа нь 10 хүртэлх насны хүүхдийг гэр ойрхон гэх шалтгаанаар ганцааранг нь явуулах, сургуулийнх нь гадаа буулгадаг. Үүнд цагдаагийн байгууллага хяналтаа эрчимжүүлнэ. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ сургуульд нь хүлээлгэж өгөх, тарах үед нь гараас нь хөтөлж авч байх шаардлагатай.
Түүнчлэн хүүхэдтэйгээ хамт гарцаар гарч байх, гараас нь хөтөлж явах, тээврийн хэрэгсэлдээ аюулгүй тээвэрлэн явж байхыг зөвлөж байна.
Энэ жил Тээврийн цагдаагийн албанаас Гэрэлт ирээдүйнхээ төлөө гэрлээ асаацгаая уриалгыг дэвшүүлж байна" гэлээ.
Жил бүрийн есдүгээр сарын 1-нд зам тээврийн осолд хүүхэд өртсөн тухай дуудлага мэдээлэл цөөн бүртгэгддэг байна. Учир нь энэ өдөр ихэнх эцэг, эх хүүхдүүдээ сургуульд нь өөрсдөө хүргэж өгч, авдагтай холбоотойг албаныхан дурдаж байв.
Гэхдээ энэ нь тухайн сард осол цөөн гардаг гэсэн үг биш бөгөөд 2019 оны есдүгээр сард улсын хэмжээнд 59 хүүхэд гэмтэж, долоон хүүхдийн амь хохирсон байна. Харин 2020 оны есдүгээр сард таван хүүхдийн амь нас хохирч, 96 хүүхэд хүнд болон хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртсэнийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.
Иймд эцэг эх, асран хамгаалагч нарыг хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь өөрсдөө хүргэж өгөх, тээврийн хэрэгсэлдээ зориулалтын суудалд суулгаж хэвшүүлэх, зам гарахдаа зөвхөн гарцтай газраар гарах зэргийг хэвшүүлэх ёстойг тус албанаас зөвлөж байгаа юм.