Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Бразилийн жижиг хотод банкны томоохон дээрэм гарчээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагийн шөнө Бразил улсын нэгэн хотод банкны томоохон дээрэм гарсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Тус улсын хамгийн том хот Сан Паулогоос 500 орчим километр зайтай оршдог Аракатуба хотод уг дээрэм гарсан байна. Энэ хот нь 200,000 орчим оршин суугчтай.

Хотын хоёр банкны салбарыг дээрэмдэхэд 10 автомашинтай 20 гаруй зэвсэгт этгээд оролцжээ.

Цар тахлын үед иргэдийг ядуурлаас аврах санхүүгийн хөтөлбөрийн хүрээнд жижиг хотын банкнуудад их хэмжээний бэлэн мөнгө төвлөрөх болсон нь дээрэмчдийн анхаарлыг татсан гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Дээрмийн үеэр гурван хүн алагдсаны хоёр нь энгийн иргэд байжээ. Дээрэмчид явахдаа хэд хэдэн хүн барьцаалж, автомашиныхаа дээвэр болон хамар дээр хүлээд халхавч болгосон байна.

Тэд бас зугтахдаа хотын олон цэгт тэсрэх бөмбөг байрлуулж, саад хийвэл дэлбэлэхээр сүрдүүлжээ. Дээрэмчдийн байрлуулсан бөмбөгнүүдийг аюулгүй болгож дуустал гэрээсээ гарахгүй байхыг Аракатуба хотын оршин суугчдад цагдаагийн газраас анхааруулсан байна.

Дээрэмчдийн араас мөрдөх ажиллагаанд цагдаагийн 350 албан хаагч, хоёр нисдэг тэрэг ашиглаж байгааг Сан Пауло хотын цагдаагийн тусгай тасгийн дарга Алваро Камило мэдээлжээ.

Дээрэмдүүлсэн Banco do Brasil SA банкны салбаруудад хэр хэмжээний бэлэн мөнгө байсан талаар одоохондоо мэдээлээгүй байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус банкны Камета, Крикиума хотууд дахь салбаруудыг хэдхэн өдрийн зайтай дээрэмдэж байжээ. Сая болсон дээрэм өмнөх дээрмүүдтэй холбоотой эсэхийг хэлэхэд эрт байгааг Камило мэдэгдсэн байна.

Бразил улсын банкны салбарт дээрэм, хүчирхийлэл тасардаггүйгээрээ алдартай бөгөөд сүүлийн жилүүдэд нөхцөл байдал улам муудаж байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press