Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын засгийн газар зургаа, долоон настай хүүхдүүдээс шалгалт авахыг хориглолоо

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Хятад улсын засгийн газар зургаа, долоон настнуудаас бичгээр шалгалт авахыг хориглосон шийдвэрээ өчигдөр зарлажээ.

Өмнө нь тус улсын дунд сургуулийн сурагчид нэгдүгээр ангиасаа эхлээд төгсөх хүртлээ олон удаагийн шалгалт шүүлэг өгдөг байсан юм.

Хүүхдүүдийн бие бялдрын болон сэтгэцийн эрүүл мэндийг хэт олон шалгалтаар дарамталж, зовоохоос сэргийлэхийн тулд ийм арга хэмжээ авч байгааг Хятадын боловсролын яам мэдэгджээ.

Үүнээс гадна шинэ журмаар нэг хичээлийн жилд авах шалтгалтын тоог хязгаарласан байна.

“Нэг болон хоёрдугаар ангийн сурагчдаас бичгээр шалгалт авах шаардлагагүй боллоо. Бусад ангийн сурагчдын хувьд сургуулиуд улирал бүрийн эцэст шалгалт авч болно. Явцын шалгалтыг зөвхөн ахлах ангийнханд зөвшөөрнө. Сургуулиуд бүс нутгийн хүрээнд нэмэлт шалгалт шүүлэг зохион байгуулахыг хориглож байна. Төсгөх бус ахлах ангийнхнаас долоо хоног, сар бүр шалгалт авахыг хориглоно. Академик судалгаа зэрэг нэрийн дор сурагчдаас шалгалт шүүлэг авах явдлыг мөн хориглож байна” гэж тус улсын боловсролын яамны мэдэгдэлд тайлбарлажээ.

Хятадын засгийн газар сүүлийн үед сурагчид, эцэг эхчүүдэд ирдэг боловсролын байгууллагын дарамтыг сулруулах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байгаа.

Энэ оны долдугаар сард Бээжингийн эрх баригчид онлайн сургалтын компаниудад зохицуулалт хийж, гол хичээлүүдээр ашиг орлого олохыг нь хориглосон юм.

Мөн $120 тэрбумын эргэлттэй салбар болох хувийн сургууль, сургалтын байгууллагуудад гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах арга хэмжээг авч байв.

Хүүхэд өсгөх, хүмүүжүүлэхэд гардаг санхүүгийн ачааллыг бууруулах замаар эмэгтэйчүүдийн төрөлтийг нэмэгдүүлэх, хүн амаа залуужуулах бодлого хэрэгжиж байгаа нь энэ юм.

Хятадын боловсролын систем маш өндөр өрсөлдөөнтэй тул хүүхдээ сайн сургуульд сургаж, сайн боловсрол эзэмшүүлэх нь гэр бүлүүдийн хувьд хүнд дарамт болдог.

Үүнээс гадна боловсролын өрсөлдөөнийг дагаад үл хөдлөх хөрөнгийн үнэ нэмэгддэг байна. Тухайлбал чинээлэг гэр бүлүүд сургуульд ойрхон байрлалтай орон сууцнуудын үнийг хөөрөгддөг ажээ.

Шалгалтын тоог хязгаарласнаас гадна Хятадын боловсролын яам энэ хичээлийн жилээс эхлэн нэгдүгээр ангийнханд гэрийн даалгавар өгөхийг хориглож, ахлах ангийнхний гэрийн даалгаварт зарцуулах хугацааг өдөрт 1.5 цагаар хязгаарлах арга хэмжээг авсан байна.

 

Эх сурвалж: BBC