Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Төрийн өмчийн их, дээд сургуулиудын оюутан төлбөрийн 50 хувиа төлөөд хичээлээ сонгоно"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Төрийн өмчийн зургаан их, дээд сургуульд шинээр элссэн болон суралцаж буй оюутнаас сургалтын төлбөрийн 50 хувийг авснаар хичээлээ сонгох боломжтойг холбогдох албаныхан хэллээ. 

Тухайлбал зарим сургууль оюутандаа график гаргаж, түүнийхээ дагуу төлбөрөө төлөх боломжийг олгож буй бол зарим нь улирал бүхэндээ төлбөрөө хувааж төлөх боломжийг нээжээ. Цар тахлын нөхцөл байдлын улмаас сургуулиуд ийнхүү уян хатан хандаж буй бөгөөд хичээл сонголтоор барьцаалж ямар нэг асуудал үүсгэхгүйг мэдэгдэв.

"Шинэ оюутан төлбөрийн 50 хувиа төлөөд батламжлуулж, хичээлээ сонгоно"

АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал Д.Батбаатар "Цар тахлын нөхцөл байдал болон Боловсрол, шинжлэх ухааны яамнаас барьж буй чиглэлийн дагуу сургалтын төлбөрт уян хатан хандаж байгаа. 

Сургалтын төлбөрийн 50 хувийг аваад хичээлд нь суулгаж байна. Шинэ оюутан сургалтыг төлбөрөө 100 хувь төлөөд ордог байсан бол энэ жил 50 хувийг нь төлснөөр батламжлуулж, хичээлдээ суух боломжтой байна. Хичээл сонголтоор барьцаалж ямар нэг асуудал үүсгэхгүй" гэлээ.

Х.Энхжаргал: ШУТИС-ийн дундаж кредитийн үнэ 82,000 төгрөг байгаа

ШУТИС-ийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн захирад Х.Энхжаргал "ШУТИС-ийн дундаж кредитийн үнэ 82,000 төгрөг байгаа. Төлбөрийн хэмжээ курсээсээ хамаардаг. Энэ жилийн хувьд нэгдүгээр курс болон бусад курсийн төлбөр нэмэгдээгүй. Төлбөрт мөн уян хатан хандаж байна. Шинээр элсэж байгаа оюутан хоёр кредитийн төлбөр төлөн баталгаажуулж, хичээл сонголтоо хийнэ" гэв.

"Буцалтгүй тусламж, тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцдаг оюутнууд төлбөрөө төлөх боломжгүй байгаа тохиолдолд урьдчилж авахгүй"

МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Д.Бадмаанямбуу "Өнгөрсөн жилүүдийн төлбөрийн үлдэгдэлтэй 2,000 гаруй оюутан байна. Эдгээр оюутантай ярилцаж, энэ хичээлийн өмнө төлбөрийг төлүүлэхгүйгээр хичээлээ сонголтоо хийх боломжийг нээсэн.

Энэ жилийн тухайд буцалтгүй тусламж, тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд төлбөрөө төлөх боломжгүй байгаа тохиолдолд урьдчилж төлбөр авахгүйгээр хичээлээ сонгох боломжоор хангасан. Бусад оюутан 50 хувийн төлбөрөө төлөөд хичээлээ сонгоно.

Х.Тамир: Сургалтын төлбөрийнхөө 50 хувийг төлөөд хичээлээ сонгож болно

МУБИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал Х.Тамир "МУБИС 2.3-2.6 сая төгрөгийн үндсэн суурь төлбөртэй. Хичээлийн хэлбэрээсээ хамаарч сургалтын төлбөр шатлалтай байна. Энэ жил сургалтын төлбөрийнхөө 50 хувийг төлөөд хичээлээ сонгож болно" гэв.

"Оюутан төлбөр төлөх бололцоотой хугацааныхаа графикийг гарган сургуулийн захиралтай гэрээ байгуулна"

СУИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захиарл Д.Одсүрэн "Оюутны хичээл сонголтын журмаар тухайн улиралд сонгосон кредитийнхээ төлбөрийг хичээл эхлэхээс өмнө төлөх ёстой. Гэхдээ сүүлийн хоёр жилийн хугацаанд ковидтой холбоотойгоор оюутны нөхцөл байдалд тохирсон гэрээг хийж байна.

Оюутан өөрсдийнхөө төлбөр төлөх бололцоотой хугацааг график гарган сургуулийн захиралтай гэрээ байгуулаад зохицуулалт хийгээд явж байгаа. Гэвч зарим тохиолдолд оюутан гаргасан графикийнхаа дагуу төлөөгүй тул авлага маш их хуримтлагдсан" гэлээ.

"ХААИС хичээлийн дөрвөн улиралтай. Улирал болгондоо төлбөрөө хуваагаад төлсөн ч болно"

ХААИС-ийн захирал Т.Хэрүүга "Сүүлийн гурван жил ХААИС-ийн төлбөр нэмэгдээгүй. Оюутнуудад аль болох санхүүгийн дарамт учруулахгүйгээр хувааж төлөх боломж олгож байгаа. Эхний семестрийн төлбөрийг 50 хувийг төлж болно. ХААИС дөрвөн улиралтай. Улирал болгондоо төлбөрөө дөрөв хуваагаад төлөөд явсан ч болно" гэв.

ВИДЕО:

https://fb.watch/7JcrHdpB5l/