Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Эстони улсын ерөнхийлөгчийн сонгуульд ганцхан хүн нэрээ дэвшүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Балтийн тэнгисийн эрэгт оршдог Эстони улс тусгаар тогтносноос хойших 30 жилийн түүхэндээ анх удаа ганцхан нэр дэвшигчтэй ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулах гэж байна.

Тус улсын ерөнхийлөгчийг парламент нь сонгодог юм. Одоогийн ерөнхийлөгч Керсти Калюлайдын бүрэн эрхийн таван жилийн хугацаа аравдугаар сарын 10-нд өндөрлөнө.

Өнөөдөр буюу Даваа гарагт Эстонийн 101 суудалтай парламент шинэ ерөнхийлөгчөө сонгох нууц санал хураалт явуулахаар төлөвлөжээ.

Гэвч Бямба гарагт нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа өндөрлөхөд Эстонийн Үндэсний Музейн захирал Алар Карисаас өөр хүн нэрээ дэвшүүлээгүй байна.

Зарим иргэд, улс төрчид Эстони шиг жижигхэн улсад ганц ерөнхий сайд байхад хангалттай, бэлгэдлийн чанартай ерөнхийлөгчийн албан тушаалыг бүрмөсөн татан буулгах цаг нь болсон хэмээн уриалж эхэлжээ.

“Ганц нэр дэвшигчтэй сонгууль Зөвлөлтийн үеийг санагдуулж байна. Энэ бол ёс зүйгүй явдал боловч хуулийн дагуу болж буй нь гайхмаар” гэж тус улсын батлан хамгаалахын сайд асан улс төрч бичсэн байна.

1.3 сая хүн амтай Эстони улс 1991 онд Зөвлөлтийн бүрэлдэхүүнээс гарч, тусгаар тогтносон бөгөөд өнөөдөр Европын Холбоо, NATO-гийн гишүүн болоод байгаа.

Цорын ганц нэр дэвшигч Карис парламентын гишүүдийн гуравны хоёрын санал буюу 68 санал авсан тохиолдолд ерөнхийлөгчөөр сонгогдох юм.

Хэрвээ ийм хэмжээний санал авч чадахгүй бол Мягмар гарагт дахин хоёр удаа санал хураах ажээ. Ингээд ч үр дүнд хүрэхгүй бол 208 гишүүнтэй сонгуулийн коллеги эрх мэдлийг парламентаас шилжүүлэн авч, шинэ ерөнхийлөгчийг есдүгээр сард сонгох юм. 

Эстонийн үндсэн хуулиар бол ерөнхийлөгч нь улс орноо гадаадад төлөөлж, дотоод эв нэгдлийг сахиулах үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс гадна зэвсэгт хүчний ерөнхий командлагч болж, засгийн газрын гишүүдийн томилгоог батлах, хууль батлах, хуулийн төсөлд хориг тавих эрхтэй юм байна.

 

Эх сурвалж: Associated Press