Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс Афганистанаас ганцхан иргэнээ нүүлгэн шилжүүлж чаджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Япон улсын засгийн газар бусад улсын жишгээр Талибанчуудын хяналтад шилжсэн Афганистанаас иргэдээ нүүлгэн гаргах ажиллагааг эхлүүлээд байгаа.

Тус улсын өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчний гурван нисэх онгоц одоо Пакистаны нийслэл Исламабад хотод байрлаж, Кабул хотоос иргэдээ авах ажиллагааг гүйцэтгэж байна.

Өнгөрсөн хугацаанд онгоцнууд Кабулд хэд хэдэн удаа газардсан ч нэг ч хүнийг нүүлгэж чадаагүй байсан юм. Харин өчигдөр буюу Баасан гарагт ганцхан иргэнийг нүүлгэж чаджээ.

Уг нь Японы засгийн газар Афганистан дахь JICA байгууллагад ажилладаг цөөн тооны иргэд болон орон нутгийн афган ажилтнуудыг оролцуулаад нийт 500 хүнийг нүүлгэх төлөвлөгөөтэй байсан юм.

Өчигдөр Исламабадад хүргэсэн цорын ганц хүн нь Киодо Ньюс агентлагийн 57 настай ажилтан, Кабул хотод хувийн бизнес эрхэлж амьдардаг Хироми Ясүй гэгч байжээ.

Кабулд амьдардаг Япон улсын цөөн тооны иргэд байдаг. Тэдний ихэнх нь нутаг буцахаас татгалзсан байна.

Харин JICA-гийн ажилтнууд Талибанчууд харуул хамгаалалтаа чангатгаснаас Кабулын нисэх буудалд хүрч чадахгүй байгаа гэнэ.

Франц, Герман зэрэг АНУ-ын холбоотнууд Пүрэв гарагт Кабулын нисэх буудалд гарсан террорист халдлагын дараа нүүлгэн шилжүүлэх ажиллагаагаа зогсоосон юм.

Харин Японы засгийн газар АНУ-ын цэрэг гарах сүүлчийн өдөр хүртэл буюу наймдугаар сарын 31 хүртэл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болжээ.

Япон улс наймдугаар сарын 15-нд Афганистан дахь элчин сайдын яамаа хааж, дипломат ажилтнуудаа өнгөрсөн долоо хоногт Дубай хотод нүүлгэн шилжүүлсэн юм.

Тус улсын зарим улс төрчид үр дүн муутай нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд их хөрөнгө мөнгө зарцуулж, зэвсэгт хүчний алба хаагчдын амь насыг эрсдэлд оруулж байгаа засгийн газраа шүүмжилж байна.

Япон улс ажиллагаагаа бусад улс орнуудаас нэлээд хожуу буюу наймдугаар сарын 23-нд эхлүүлсэн нь бүтэлгүйтлийн гол шалтгаан болж байгаа ажээ. “Хэрвээ хурдан арга хэмжээ авч чадсан бол өнөөдөр нөхцөл байдал өөр байх байлаа” гэж Японы гадаад хэргийн яамны нэгэн албан хаагч хэвлэлд ярьсан байна.

 

Эх сурвалж: Kyodo News