Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын засгийн газар кино жүжигчин эмэгтэйд $46 саяын торгууль оноожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Шанхай хотын татварын газар Хятадын кино од Зэнь Шуанийг татвараас зугтсанд буруутгаж, 299 сая юаний ($46 сая) торгууль оноожээ.

Түүнийг 2019-2020 онд телевизийн цувралуудад дүр бүтээхдээ олсон орлогоосоо татвар төлөөгүйг шалгаж тогтоосон байна.

Одоо 30 настай Зэнь Шуань нь 2009 онд Тайваний “Солирын бороо” цувралын Хятад хувилбарт тоглосноосоо хойш орон даяар алдаршсан юм.

Торгуулиас гадна Хятадын өргөн нэвтрүүлгийн зохицуулах байгууллага Зэний тоглосон цувралуудыг телевизээр цацахыг хориглож, шинэ бүтээлд дүр оноохгүй байхыг продюсерүүдэд тушаасан байна.

Хятадын төрийн төв хэвлэлд оддын өвчин тусаж, хэт өндөр ашиг орлого олсон ч татвар төлөхөөс зугтдаг, ёс зүйн доголдолтой уран бүтээлчдийг шүүмжилж, урлагийн салбар дахь алдаа завхралыг засах шаардлагатайг анхааруулжээ.

Ер нь сүүлийн үед тус улсын эрх баригчид энтертайнмэнт салбарт хатуу зохицуулалт хэрэгжүүлж эхлээд байгаа.

Зэньд торгууль оноохоос нэг өдрийн өмнө Хятадын өөр нэг кино од эмэгтэй Зао Вэйгийн тоглосон бүх бүтээлийг видео стриминг үйлчилгээнүүдээс хассан байна. Мөн түүний фэнүүдийн Вэйбо сүлжээн дэхь форумыг учир битүүлэг шалтгаанаар хаажээ.

Хятадын видео стриминг үйлчилгээний iQiyi сайт Пүрэв гарагаас эхлэн авъяастан шалгаруулдаг бүх шоунуудаа зогсоосон бол сүүлийн үед алдаршаад байсан хөвгүүдийн хамтлагийг энэ долоо хоногийн эхээр тараасан юм. Тус хамтлагийн гишүүд дунд сургуулийн хүүхдүүд байсан бөгөөд Хятадын залуу үеийнхэнд буруу үлгэр дуурайлал үзүүлж байна гэсэн шалтгаанаар тараасан байна.

 

Эх сурвалж: AFP