Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаах нь хамгийн эцсийн шатанд авах арга хэмжээ"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Коронавируст халдвараар хүүхэд өвчлөх нь нэмэгдсэн гэдгийг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хэллээ.

"5-10 насны хүүхдүүд коронавируст халдвараар өвчлөх байдал 20 хувиар нэмэгдсэн"

Тэрбээр "Наймдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 0-17 насны халдвар авсан хүүхдүүд дотор 0-4 насныхны өвчлөл 26 хувийг, 5-10 насныхан 53 хувийг эзэлж байна.

12-оос дээш насныханд коронавирусийн эсрэг вакцин хийж эхэлснээс хойш өвчлөлийн хувь нь огцом буурч эхэлсэн.

Харин 0-10 насныхан, тэр дундаа 5-10 насны хүүхдүүдийн коронавируст халдвараар өвчлөх байдал нь 33-53 хувь болтлоо нэмэгдсэн" хэмээн хэллээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 41,206 хүүхэд коронавирусийн халдвараар өвчилжээ. Үүнээс одоогоор 1,811 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

"Хүүхдүүдийн боловсролын алдсан цаг хугацаа эргэж хэзээ ч нөхөгдөхгүй"

Үргэлжлүүлэн "Олон улсад хийгдсэн судалгаагаар сургууль дээр халдвар гарснаас шалтгаалан олон нийтэд тархсан өвчлөлийн нөхцөл байдал нэмэгдсэн гэх судалгаа байхгүй.

Монгол Улсын хувьд халдварын тархалт өндөр гэсэн ангилалд багтаж байгаа. Ийм үед тархалтын нөхцөл байдлаас шалтгаалан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэрхэн явуулахыг олон улсад журамласан байдаг. Үүний дагуу БШУЯ болон ЭМЯ түр журмаа боловсруулсан.

Журмын дагуу, халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримтлуулахаас гадна тухайн сургуулийн нэг ангид гарсан өвчлөл, давхарт нь гарсан өвчлөл гэдгээр нь бид нөхцөл байдалд хариу арга хэмжээ авна.

Түүнээс биш улсын хэмжээний бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим руу шилжүүлэх арга хэмжээг дэлхийн улс орнууд хэрэгжүүлээгүй.

Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаах нь хамгийн эцсийн шатанд авах арга хэмжээ юм. Учир нь хүүхдүүдийн боловсролын алдсан цаг хугацаа эргэж хэзээ ч нөхөгдөхгүй.

Хэдийгээр халдварын тархалтын давлагаа эхэлсэн ч сургууль дээр нэг ангиас халдвар гарахад тухайн ангийн хүүхдүүд л цахим хэлбэрт шилжиж хичээллэнэ. Харин бусад нь халдвар хамгааллын дэглэмээ баримталж үргэлжлүүлэн танхимаар хичээллээд явах боломжтой.

Гол нь боловсролын байгууллагууд эрт илрүүлэг, тандалтын арга хэмжээг маш сайн хэрэгжүүлэх шаардлагатай" гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/650430629270504