Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Австрали улсад цар тахал эхэлсэн цагаас хойш анх удаа нэг өдөрт 1,000 давсан халдварын тохиолдол бүртгэгдлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Австрали улсад коронавирусийн халдварын тохиолдол анх удаа 1,000 давсан нь цар тахлын үеийн хамгийн өндөр өсөлт болсон байна.

Тус улсын хамгийн том хот Сиднейг багтаадаг Нью Соут Уэльс мужид өчигдөр 1,029 шинэ тохиолдол бүртгэгджээ. Зургаадугаар сарын дундуур Сидней хотод коронавирусийн Дельта хувилбар тархаж, нийт халдварын тохиолдлыг нь 15,000 хүргээд байна.

Тус хотын оршин суугчид хоёр сар гаруй хугацаанд хатуу хөл хорионы дэглэмд амьдарч байгаа юм.

Орон нутгийн эрх баригчид хөл хорионы дэглэмээ саяхан есдүгээр сарын 10 хүртэл сунгах шийдвэр гаргаж байв. Харьцуулбал Викториа мужид оршдог Австралийн хоёр дахь том хот Мельбурнд өчигдөр халдварын 80 шинэ тохилдол бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар Австралийн 25 сая хүн амын талаас илүү хэсэг нь хөл хорионы дэглэм дор амьдарч байна.

Австралийн засгийн газрын хилээ хааж, хөл хорих замаар цар тахлыг устгах “Covid Zero” стратеги Дельта хувилбарын дэгдэлтийн улмаас мухардалд ороод байгаа. Удаан хугацаагаар хорио цээрийн дэглэмд байсан иргэд засгийн газрынхаа бодлогыг эсэргүүцэх явдал нэмэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт тус улсын том хотуудад иргэдийн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдах үеэр мөргөлдөөн гарч, цагдаа нар хэдэн зуун хүнийг баривчилж байв.

Одоогоор тус улсын насанд хүрсэн хүн амын гуравны нэг нь вакцинжуулалтад бүрэн хамрагджээ.

Цар тахал эхэлсэн цагаас хойш Австрали улсад коронавирусийн халдварын 48,000 орчим тохиолдол бүртгэгдэж, 1,000 орчим хүн нас бараад байна.

 

Эх сурвалж: AFP