Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Кабулын нисэх буудалд хоёр удаа дэлбэрэлт болж, 60 гаруй хүн алагджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагийн орой Афганистаны нийслэл Кабул хотын олон улсын нисэх буудлын гадна амиа золиослогчид хоёр удаа бөмбөг дэлбэлжээ.

Энэхүү халдлагын улмаас нийтдээ 60 гаруй хүн алагдаж, 140 орчим хүн шархдсан байна. Тэдгээрийн дотор АНУ-ын тэнгисийн цэргийн 11 алба хаагч, нэг цэргийн эмч амь үрэгджээ.

АНУ-ын засаг захиргаа наймдугаар сарын 31-ний дотор Афганистан дахь өөрийн иргэд болон тусгай визтэй афганчуудыг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг явуулж байгаа.

Кабулын нисэх буудалд террорист халдлага гарах магадлал өндөр болсныг өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэж байсан юм. Тиймээс тэр АНУ-ын цэргийг Афганистанаас гаргах эцсийн хугацааг наймдугаар сарын 31-нээс хойш сунгахаас татгалзаж байв.

Халдлагыг Афганистан дахь Исламын Улс бүлэглэлийн салбар болох ISIS-K байгууллага үйлдсэнээ зарлажээ.

ISIS-K нь бас Талибанчуудын дайсан юм. “Кабулын нисэх буудлыг хамгаалж буй манай цэргүүд ч бас Исламын Улс бүлэглэлийн заналхийлэл дор ажиллаж байна” гэж Талибаны албаны хүн халдлага гарахаас өмнө мэдэгдэж байв.

Исламын шашны суннит урсгалын хэт радикал үзэлтэй ISIS-K анх 2014 оны сүүлээр Афганистаны зүүн хязгаарт үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. 

Талибанчууд тэдэнтэй үзэл баримтлалын хувьд зөрчилддөгөөс гадна контрбанд, хар тамхи тээвэрлэдэг замуудыг хянахын төлөө өрсөлддөг тухай Өрнөдийн тагнуулын албад мэдээлсэн байдаг.

Маш харгис хэрцийгээрээ алдартай ISIS-K бүлэглэл голдуу Исламын шашны шийт урсгалыг шүтэгч хүн амын хэсэг рүү аллагаа чиглүүлдэг байна.

Кабулын нисэх буудалд гарсан халдлагын дараа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө яаралтай хуралдуулжээ. Уг хуралд төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, батлан хамгаалахын сайд Ллойд Остин болон армийн удирдлагууд оролцож байна.

Наймдугаар сарын 14-нд эхэлсэн нүүлгэн шилжүүлэх ажиллагааны хүрээнд нийт 95,700 хүнийг Афганистанаас гаргасан байна. Үүнээс 13,400 орчмыг нь сүүлийн 24 цагийн хугацаанд гаргаснаа Пентагон өчигдөр мэдээлсэн юм. Эдгээрийн дотор 4,500 орчим нь АНУ-ын иргэд байжээ.

Үүнээс гадна нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд АНУ-ын 5,200 орчим цэрэг оролцож байгаа.

Агаараар Афганистанаас дүрвэх зам хаагдах дөхөж байгаатай холбоотой олон мянган Афганчууд хөрш Пакистаны хил дээр бөөгнөрөөд байгааг эх сурвалжууд мэдээлж байна.

 

Эх сурвалж: Reuters