Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Эмэгтэй хүнийг хүндэлж сураагүй байгаа тул гэрээсээ гарахгүй байхыг Талибаныхан Афган эмэгтэйчүүдэд зөвлөжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Талибаны дэглэмийн дор амьдрах улам хэцүү болно гэсэн айдас түгшүүр Афганистаны охид бүсгүйчүүдийн дунд байсаар байна. Исламын хатуу чиг баримжаатай Талибанчууд 1990-ээд онд Афганистаны богино хугацаанд захирахдаа эмэгтэйчүүдийн эрхийг шашны хатуу хуулиар хязгаарлаж байсан түүхтэй.

Өчигдөр Талибаны хэвлэлийн төлөөлөгч Забиуллах Мужахид хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ аюулгүй байдлын үүднээс афган эмэгтэйчүүдэд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ.

Гэхдээ энэ байдлыг тэр түр зуурын үзэгдэл гэж хэлсэн байна. Учир нь Талибаны цэргүүд одоогоор эмэгтэй хүнийг яаж хүндлэх талаар хангалттай мэдлэг боловсролтой болж чадаагүй байгаа тул ингэхээс өөр аргагүй болсон гэнэ.

“Бид эмэгтэйчүүдийг ажил хөдөлмөр эрхлэхийг дэмжинэ. Гэхдээ эхлээд аюулгүй байдлыг нь хангах хэрэгтэй байна. Нөхцөл байдал сайжирч, эмэгтэйчүүдийн талаар баримтлах дүрэм журам хэрэгжиж эхлэх хүртэл гэртээ байхыг бид зөвлөж байна. Цаг нь болохоор ажилдаа явж болно” гэж Мужахид ярьжээ.

Талибанчууд энэ удаа Афганистаныг захирахдаа үзэл баримтлалаа зөөлрүүлж, эмэгтэйчүүдэд ээлтэй ханддаг болохоо амлаж байгаа.

Гэхдээ афганчууд төдийгүй олон улсын хамтын нийгэмлэг энэ амлалтад нь эргэлзсэн хэвээр байна.

Мягмар гарагт Дэлхийн Банк тус улсад үзүүлдэг санхүүгийн тусламжаа зогсоох шийдвэр гаргасан нь эмэгтэйчүүдийн эрхийн асуудал тодорхой биш байгаатай холбоотой гэж тайлбарлажээ.

“Бид Афганистаны одоогийн нөхцөл байдалд, ялангуяа эмэгтэйчүүдийн асуудалд маш их санаа зовж байна” гэж Дэлхийн Банкны хэвлэлийн төлөөлөгч Марсела Санчез-Бендер мэдэгдсэн юм.

Олон улсын зээл тусламж дээр эдийн засаг нь тогтдог Афганистан улсын хувьд энэ шийдвэр том цохилт болж байна.

Энэ хооронд Талибаны дэглэмээс зугтсан иргэдийн Афганистанаас дүрвэх үйл явц үргэлжилж байгаа. Мягмар гарагт Афганистаны робот зохион бүтээгчдийн багийн гишүүн таван эмэгтэй Мексик улсад хүмүүнлэгийн визээр очсон байна.

 

Эх сурвалж: CNN