Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн үүсэл гарлыг судлах АНУ-ын тагнуулын байгууллагын ажил үр дүнд хүрээгүйг мэдээлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Энэ оны тавдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден шинэ коронавирусийн үүсэл гарлыг судалж, тогтоох 90 хоногийн хугацаатай даалгаврыг тагнуулын байгууллагууддаа өгч байв.

Уг даалгаврын хугацаа дуусаж, тагнуулынхан судалгааны ажлын тайлангаа Даваа гарагт Жо Байденд өргөн барьжээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жэн Псаки тайланг ойрын өдрүүдэд нууцын зэрэглэлээс гаргаж, олон нийтэд ил болгох тухай мэдээлсэн байна.

Хэвлэлүүдийн урьдчилж олж авсан мэдээллээр судалгааны ажил тодорхой дүгнэлтэд хүрч чадаагүй гэнэ.

2020 оны эхээр Хятадын Ухань хотод анх дэгдсэн коронавирусийн шинэ төрөл өнөөдөр дэлхий даяар тархаж, дөрвөн сая гаруй хүний аминд хүрээд байгаа.

Вирусийг нэг бол амьтнаас хүнд дамжсан, эсвэл лабораториос алдагдсан гэх хоёр хувилбар таамаг яригддаг.

Өмнө нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) мэргэжилтнүүд вирусийн үүсэл гарлыг судлаад амьтны гаралтай бүтээгдэхүүн худалдаалдаг захаас хүнд дамжсан байх магадлалтай гэсэн дүгнэлт хийж байв.

Зарим эрдэмтэд шинэ коронавирусийн үүсэл гарлыг тодорхойлох ажил олон жилийн дараа үр дүнд хүрнэ гэж үзэж байгаа.

Хятадын тал шинэ коронавирусийг Ухань хотын вирус судлалын хүрээлэнгийн лабораториос алдагдсан гэх таамгийг эрс няцааж, харин АНУ-ын цэргийн лабораториос алдагдсан байж болзошгүй гэсэн өөр таамгийг дэвшүүлж байна.

Тодруулбал нэгэн үед АНУ-ын биологийн зэвсгийн төв лаборатори гэгддэг байсан Форт Дэтрик (Fort Detrick)-ээс гаралтай гэж сэжиглэж байгаа. Мэрилэнд мужид оршдог энэ лабораторид эбола, салхин цэцэг зэрэг өвчний вирусийг судалдаг байсан юм. 

Өчигдөр Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин ээлжит хэвлэлийн хурлын үеэрээ “АНУ эхлээд ДЭМБ-ын мэргэжилтнүүдийг Форт Дэтрикт нэвтрүүлж, шалгуулбал зохино” гэж хэлжээ.

 

Эх сурвалж: BBC