Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Амархүү Вокал" дуулаачийн сургуулийн нээлтийн тоглолт маргааш Русский домд болно

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар дахь "Русский дом"-ын дэргэдэх Монгол-Оросын хамтарсан "Амархүү Вокал" дуулаачийн сургуулийн нээлтийн талаар Оросын шинжлэх ухаан соёлын төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ жил 45 жилийнхээ ойг тэмдэглэж буй Улаанбаатар дахь "Русский Дом" буюу хуучнаар ОШУСТ (РНЦК) нь дэргэдээ хэд хэдэн студи болон сургуулийг нээжээ. Эдгээрийн нэг нь дуучин Борхүүгийн Амархүүгийн үүсгэн байгуулсан Монгол-Оросын дуулаачдын хамтарсан "Амархүү Вокал" сургууль юм.

Тус сургууль нь хоёр дахь элсэлтээ авч эхэлсэн бөгөөд Улаанбаатар дахь "Русский дом"-д маргааш буюу наймдугаар сарын 26-ны 19:00 цагаас албан ёсны нээлтээ хийж, дуулаачдын тоглолтыг зохион байгуулахаар болжээ. 

Дуулах сонирхолтой урлагт хайртай таваас дээш насны хүүхдүүдэд манай сургуулийн үүд хаалга нээлттэй

 
Гэрэл зургийг MPA.mn

Энэ талаар "Амархүү Вокал” дуулаачийн сургуулийг хамтран үүсгэн байгуулагч н.Мөнхбаяр “Дуулах сонирхолтой урлагт хайртай таваас дээш насны хүүхдүүдэд манай сургуулийн үүд хаалга нээлттэй гэдгийг хэлэхэд таатай байна. Сургуульд элсэн ороход дуулах чадварын түвшнийг тогтоож, хүүхдүүдийг түвшинд нь тохирсон ангид оруулна. 

Сургалтын төлбөрийн хувьд бусад сургуулиудыг бодвол уян хатан бөгөөд хичээлийн цаг нь их. Мөн сургуулийн студийн бүх нөхцөлийг орчин үеийн байдлаар "Русский дом" хангаж өгсөнд талархаж байна. Манай дуулаачийн сургуулийн үйл ажиллагаа Оросын шилдэг урлагийн их сургуулиудын хөтөлбөрийн дагуу явагдах тул бид сэтгэл хангалуун байгаа. Иймд маргааш болох нээлтийн тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна" гэв. 

"Хэсэг хугацааны дараа "Русский дом"-ын дэргэдэх театрын үйл ажиллагаа үзэгчдэд хүрнэ"

 
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар дахь “Русский Дом”-ын захирал Амгалан Ринчинович Базархандаев "Улаанбаатар дахь "Русский дом" энэ намраас эхлэн соёлынхоо өргөн цар хүрээтэй үйл ажиллагааг дэмжих үүднээс хэд хэдэн студи, сургуулийг нээж байгаа. Үүний тод жишээ нь өчигдөр нээлтээ хийсэн бүжиг, балетын студи юм. Түүнчлэн хэсэг хугацааны дараа "Русский дом"-ын дэргэдэх театрын үйл ажиллагаа үзэгчдэд хүрэх болно. 

Дуучин Б.Амархүү нь өөрийнхөө дуу хоолойг сайн сайхны төлөө, залуучуудын зөв амьдралын төлөө тууштай өргөх хүслээ өвөрлөн яваа, Монгол-Оросын хамтарсан "Амархүү Вокал" дуулаачийн сургуулийг үүсгэн байгуулагч” гэв.