Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд сүүлийн сар гаруйн хугацаан дахь халдварын хамгийн олон тохиолдол өнөөдөр бүртгэгдлээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн хоногт коронавируст халдварын тохиолдол огцом нэмэгдэж, шинээр 2,433 иргэн өвчилжээ.

Энэ нь сүүлийн сар гаруйн хугацаанд буюу долдугаар сарын 4-ний өдрөөс хойш нэг өдрийн дотор шинээр илэрсэн хамгийн олон тохиолдол болж байна.

Тодруулбал, долдугаар сарын 4-нөөс хойш хоногт 972-2,300 тохиолдол нэмж бүртгэгдэж байсан юм. 

 

Сүүлийн хоногт шинээр илэрсэн халдварын 31 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 2,402 нь хүн амын дунд бүртгэгдсэн халдвар байна. Үүнээс Улаанбаатар хотод 850 тохиолдол шинээр илэрсэн нь өмнөх өдрөөсөө 2.7 дахин нэмэгдсэн үзүүлэлт.

Харин орон нутагт өмнөх өдрөөсөө 270-аар олон буюу 1,552 тохиолдол шинээр илэрчээ.

Манай улсын хүн амын дунд SARS-CoV-2 вирусийн анхаарал татсан дельта хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгаа тул вакцинд хамрагдаагүй иргэд, 12 хүртэлх насны хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулсаар байна.

Түүнчлэн халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд нэмэгдэж, Улаанбаатар хотод наймдугаар сарын 27-ноос 2,000-д хүрэх тооцооллыг өмнө нь ХӨСҮТ-өөс гаргасан. Энэ нь халдварын хоёр дахь давлагаа эрчимжсэн зургаадугаар сарын түвшингээс илүү давна гэсэн үг.

Улаанбаатар хотод зургаадугаар сарын 19-нд өдөрт 1,877 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн хугацаан дахь халдварын хамгийн оргил үе байсан юм.

Есдүгээр сарын 1-нээс цэцэрлэг, сургууль танхимаар хичээллэж эхэлнэ. Тиймээс эцэг, эхчүүдийг хүүхдүүдээ гэр ба сургууль, цэцэрлэг гэсэн маршрутаас өөрөөр гадуур дагуулж явахгүй байж, амны хаалтаа тогтмол зүүхийг уриалж байна.