Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сумъяабазар: Залуучуудыг дэмжин ажиллахаа уламжилъя

ikon.mn
2021 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын залуучуудын холбоо үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар залуустаа мэндчилгээ дэвшүүллээ.



Эрхэм хүндэт залуус аа, залуучууд аа!

Та бүхэндээ Монголын залуучуудын холбоо үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Хийж бүтээх хүсэл эрмэлзэл, амьдарч ажиллах соёл ухаан, ирээдүй цагийг дөтөлж өнгөлөх хурд хүчээр дүүрэн монгол хүн бүрийн залуу нас, залуу насны эрч хүч, алдаа оноо, ухаарал хатуужил бол яах аргагүй Монголын залуучуудын холбооны үүх түүх, их он жилийн нэгэн эд эс юм.

Түүнчлэн Монгол ардын журамт цэргийн жанжин Д.Сүхбаатар, маршал Х.Чойбалсан, Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Д.Нацагдорж, С.Буяннэмэх тэргүүтэй олон арван залуусын нэгдэл санаачилгаар 1921 онд байгуулагдсан Монголын залуучуудын холбооны түүх бүхэлдээ Монгол Улсын хөгжил дэвшил, нийгмийн өөрчлөлт, соён гэгээрэл, бүтээн байгуулалт, ололт амжилтын түүх гэдэг нь эргэлзээгүй.

Иймд Соёлын довтолгоо, Атрын аян, Дархан, Эрдэнэт, Хөтөл, Шарын гол, Багануур, Налайх зэрэг Монгол Улсыг хамарсан бүхий л томоохон бүтээн байгуулалт болон нийгмийн манлайллууд үе үеийн залуусын эрч хүч, ур чадвар, тэвчээр хатуужил, хөлс зүтгэлээр бичигдсэн бөгөөд өнгөрсөн зууны их түүхийг бүтээсэн залуу хүн Танд болон Монголын залуучуудын холбоонд ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

Залуусын гал цогтой хүсэл эрмэлзэл, орчин цагийн шинэ хандлага, шинэ үеийнхний дуу хоолой болсон Улаанбаатар хотын залуустаа өнгөрч буй 100 жилийн ойн баярын мэндийг хүргээд, ирэх 100 жилийн түүхийг хамтдаа бичиж эхлүүлэхийг урьж байна. Энэ эхлэл бол зөв сэтгэлтэй, соёл боловсролтой, хотын соёлтой, хөдөлмөрч хичээнгүй залуу Таны гараар зурагдах, сэтгэлээр бичигдэх их түүхийн эхлэл юм.

Иймд залуу хүн Таныг, залуучууд Та бүхнийг ШИНЭ УЛААНБААТАР ХОТЫГ бүтээх шинэ зуунд дахин урья. Та бүхний санал бодол, хүсэл тэмүүлэл, зорилго зорилт цаашид Улаанбаатар хотын хөгжлийн бодлого болон бичигдэх бөгөөд олон нийтийн эрх ашиг, залуусын дуу хоолой, хүсэл тэмүүлэл, зорилго зорилтын илэрхийлэл болсон тэр бүх саналыг тань хэрэгжүүлж, үр дүнд хүртэл дэмжин ажиллахаа уламжилъя.

Их зууны түүхийг бүтээсэн үе үеийн эрхэм хүндэт залуус Та бүхэндээ мэхийн ёсолж, хүндэтгэл илэрхийлье.

Ирээдүй цаг өнө мөнхөд гэрэлтэг!