Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын хууль тогтоогчид Афганистаны дүрвэгчдийг хүлээж авах асуудал дээр санал хуваагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Сөүлд цуглаан зохион байгуулсан Афганчууд

Афганистанаас дүрвүүлсэн хүмүүсээ АНУ өөрийн гадаад дахь цэргийн баазуудад түр байрлуулахаар төлөвлөж байгаа тухай баримтыг нууц эх сурвалжаас олж авснаа Wall Street Journal сэтгүүл Ням гарагт мэдээлсэн юм.

Үүнд Япон, Өмнөд Солонгос, Герман, Косово, Бахрейн, Итали дахь АНУ-ын цэргийн баазуудыг ашиглах тухай мэдээлжээ.

Дүрвэгчдийг цэргийн баазуудад түр байрлуулан сайтар шалгасны дараа АНУ-д хүргэхээр төлөвлөж байгааг дээрх мэдээнд өгүүлсэн юм.

Wall Street Journal-ийн мэдээ Өмнөд Солонгосын улс төрчдийн хүрээнд маргаан үүсгээд байна. Эрх баригч Ардчилсан Намын дарга Сон Юн Гил “АНУ энэ талаар манай засгийн газартай яриагүй. Газар зүйн байрлалаас харсан ч энэ нь үндэслэлгүй мэдээлэл гэж би бодож байна. Дүрвэгчдийг Афганистанд ойр улс орнуудын баазад байрлуулах нь илүү оновчтой байх. Би дээрх мэдээнд эргэлзэж байна” гэж мэдэгджээ.

Ардчилсан Намын өөр нэг хууль тогтоогч дүрвэгч байрлуулах нь АНУ, БНСУ-ын хооронд байгуулсан батлан хамгаалах гэрээний зүйл заалтыг зөрчиж магадгүйг хэлсэн байна.

Уг гэрээгээр бол тус улсад байрлаж буй АНУ-ын цэргийн хүч Өмнөд Солонгосын хуулийг дагах үүрэгтэй гэнэ. Тиймээс цэргийн баазад дүрвэгч байрлуулах асуудал Өмнөд Солонгосын хууль зүйн яамны зөвшөөрөлтэй хэрэгжих ёстойг парламентын гишүүн Пак Юн Жин тайлбарлажээ. Ихэнх улс төрчид дүрвэгчид АНУ руу явахаасаа өмнө Өмнөд Солонгост орогнол хүсэж үлдэх, тэдний дунд Исламын террористууд нуугдах эрсдлээс болгоомжилж байна.

Афганистаны дүрвэгчдийг цэргийн баазад байрлуулахад АНУ-ын засаг захиргаа Өмнөд Солонгосын засгийн газраас зөвшөөрөл авах ёстойг тус улсын гадаад хэргийн сайд өчигдөр парламентад үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

Харин гол сөрөг хүчин болох Ардын Хүч нам энэ боломжийг зөвөөр ашиглаж, хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулахыг уриалжээ. Хүчирхэг эдийн засагтай улсынхаа хувьд дэлхий нийтийг хамарсан хямралыг шийдэхэд оролцох үүрэгтэй гэж тэд үзэж байна.

Гэхдээ дүрвэгчид Өмнөд Солонгост цагаачилж үлдэх асуудалд болгоомжтой хандахыг анхааруулсан юм.

Либерал үзэлтэй зарим улс төрчид энэ боломжийг ашиглан цагаачлалын хэт хуучинсаг бодлогоо өөрчилж, нээлттэй зарчим баримталдаг болохыг уриалжээ. Даваа гарагт Өмнөд Солонгост оршин суудаг 30 гаруй афган хүн Сөүл дэх гадаад хэргийн яамны өмнө цуглаан зохион байгуулж, Солонгосын компани, дипломат байгууллагуудад ажиллаж байсан афган хүмүүсийг татаж авахыг уриалсан юм.

Афганистан дахь Солонгосын компани, дипломат байгууллагуудад ажиллаж байсан афганчууд, тэдний гэр бүлийнхэн нийт 400 орчим хүн байгаа талаар Ардчилсан Намын дарга Сон Юн Гил мэдэгджээ.

 

Эх сурвалж: Korea Times