Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын засаг захиргаа Pfizer вакцинд анхны бүрэн зөвшөөрлөө олголоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт АНУ-ын Эм, Хүнсний хэрэг эрхлэх газар Pfizer/BioNTech үйлдвэрийн вакцинд анхны бүрэн зөвшөөрлөө олголоо.

Өнөөдрийг хүртэл ашиглагдаж байгаа коронавирусийн эсрэг вакцинууд бүгд шуурхай горимд ашиглах зөвшөөрөлтэй байсан юм.

“Манай улсын цар тахалтай тэмцэх үйлсэд чухал үйл явдал болж байна” гэж Эм, Хүнсний хэрэг эрхлэх газрын тэргүүн Жанет Вүдкок мэдэгджээ. 

“Бүрэн зөвшөөрөл олгосноор вакцины аюулгүй байдал, үр дүнд итгэх итгэл улам нэмэгдэнэ гэдэгт найдаж байна. Хэрвээ та вакцинжуулалтад хамрагдаагүй байгаа бол одоо цаг нь боллоо” гэж АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден твиттер хуудсандаа бичсэн байна.

АНУ-ын Pfizer, Германы BioNTech компаниудын хамтран бүтээсэн коронавирусийн эсрэг вакцин цаашдаа Comirnaty гэсэн брэндийн дор зах зээлд нийлүүлэгдэх ажээ.

Вашингтоны эрх баригчид 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр Pfizer вакцинд шуурхай горимд ашиглах зөвшөөрөл олгож байсан юм. Тэр үеэс хойш нийт 200 гаруй сая тун вакциныг АНУ-ын хүн амын дархлаажуулалтад ашиглажээ.

Бүрэн зөвшөөрөл олгохын тулд 16 ба түүнээс дээш насны 40,000 гаруй хүн оролцсон туршилтын мэдээлэл, тоо баримтыг нягтлан шалгасан байна. Ингэхэд коронавирусийн халдвараас 91 хувийн үр дүнтэй хамгаалж байгааг тогтоожээ.

Pfizer вакцинд бүрэн зөвшөөрөл олгосны дараа АНУ-ын зэвсэгт хүчин бүх алба хаагчдаа вакцинжуулалтад заавал хамруулах шийдвэрээ зарласан юм.

Хувийн компаниуд, их сургуулиуд энэ жишгийг дагах төлөвтэй байна. Тухайлбал Нью Йорк хотын захиргаа боловсролын салбарын ажилтнуудад есдүгээр сарын 27-ноос өмнө вакцины ядаж эхний тунгаа тариулсан байх шаардлага тавихаар болжээ.

АНУ-ын хүн амын 52 хувь вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байгаа. Гэхдээ вакцинжуулалтын хурд сүүлийн үед эрс саарсан юм. Коронавирусийн Дельта хувилбарын тархалтын улмаас өнөөдөр тус улсад 80,000 орчим хүн Covid-19 өвчний хүндрэлээр эмнэлэгт хэвтэж, өдөр бүр дунджаар 700 гаруй хүн нас барж байна.

Дельтагийн давалгаанд хамгийн хүнд нэрвэгдсэн бүс нутаг нь Флорида, Алабама, Миссиссиппи, Луйзиана зэрэг өмнөдийн мужууд болжээ.

 

Эх сурвалж: AFP