Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Гантөмөр: Х хорооллоос Сүлжмэл хүртэлх дулааны шугамын засварыг ирэх сарын 15-ны дотор дуусгаж, иргэдийг халуун усаар хангана

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр Баянгол дүүргээс цахимаар зохион байгууллаа.

Сайжруулсан түлшний түүхий эд болох мидлингийн 209 мянган тонн нөөцтэй

2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд сайжруулсан түлшний түүхий эд, барьцалдуулагчийн нөөцийн талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө мэдээлэл өгөв.

Одоогийн байдлаар “Таван толгой түлш” ХХК-ийн Баруун бүсийн үйлдвэр дангаараа ажиллаж байгаа бөгөөд 17,660 тонн сайжруулсан түлшний нөөцтэй байгаа юм.

Харин сайжруулсан түлшний түүхий эд болох мидлингийн 209 мянган тонн нөөц байна. Энэ нь 196,656 тонн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хүрэлцэхүйц нөөц юм. Мөн тус үйлдвэр барьцалдуулагч түүхий  эдийн 60 тонн буюу 14 хоногийн нөөцтэй байна.

БНХАУ-ын Эрээн хотын хил дээр эхний ээлжийн түүхий эдүүд ирсэн бөгөөд яаралтай татан авах чиглэлээр ажиллаж байгаа юм. “Таван толгой түлш” ХХК өдөрт 1,500 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэхээр тооцож, есдүгээр сарын 15 гэхэд 53 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Хотын дарга шаардлагатай түүхий эдийг холбогдох албаныхантай хамтран татаж авах, заасан хугацаандаа багтаан нүүрсний нөөцөө бэлтгэх хэрэгтэйг сануулав. 

Хил дээр саатсан шугам хоолойг үе шаттайгаар татан авч байна

Мөн 10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх дулааны шугамын шинэчлэлийн ажлын явц ямар байгаа талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөс асуулаа.

Тэрбээр “Дулааны шугам шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Хил дээр саатсан шугам хоолойг үе шаттайгаар татан авч байгаа бөгөөд үлдсэн хоолойг шуурхай татан авахаар холбогдох албаныхантай хамтран ажиллаж байгаа.

Түүнчлэн шугам засварын ажил есдүгээр сарын 15-ны дотор дуусаж, иргэдийг халуун усаар хангах боломж бүрдэнэ” гэв.