Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Үргэлжилсэн борооноор Булган, Хөвсгөл, Орхон аймагт айлын гэр, байшин үерт автжээ

ikon.mn
2021 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ОБЕГ

Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн талаар ОБЕГ-аас мэдээлэл өглөө.

Наймдугаар сарын 21-22-ны өдрийн үргэлжилсэн борооны улмаас Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн “Цагаан тохой” гэдэг газар Сэлэнгэ мөрөн үерлэж 5 айлын гэр усанд автжээ.

Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд таван өрх айлын 17 хүнийг /үүнээс 6 хүүхэд/, 113 бод малынх нь хамт аюулгүй газарт гаргасан байна. Тус сумын Засаг даргын мэдээлснээр үлдсэн дөрвөн хүн, 1,773 мал нь усны үер татартал хүлээхээр болсон байна.

Хөвсгөл аймгийн Галт сумын Нүхт багийн “Их харгана” гэдэг газар Идэр голын усанд тус сумын харьяат иргэн Б-гийн 15 настай хүү малаа тууж ирэх гэж яваад усанд боогдсныг гол гаргаж өгчээ. 

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутгаар үргэлжлэн орсон усархаг борооны улмаас 4 айлын хашаа, гэр, 2 орон сууцны барилгын зоорийн давхар усанд автсан тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид гэрийн хаяаг шууж, дөрвөн метрийн урттай шуудуу ухаж, орон сууцны хоёр байрны зоорийн давхрын усыг соруулсан байна.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутгаар үргэлжлэн орсон усархаг борооны улмаас 15 айлын хашаа, 4 айлын гэр, 6 айлын байшин, нэг айлын хүлэмж усанд автсан тул тус сумын “Яргуйт толгод”, “Их залуу” багийн нийт 6 гудамжны 15 хашаа, 4 гэр, 6 байшингийн усыг соруулан, мөн ус зайлуулах 5 шуудууг цэвэрлэж усны урсгалыг сайжруулан нэг шуудуу сэтэрсэн байсныг засварлажээ.