Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хүний амь нас хохироосон этгээдийг 24 гаруй жилийн дараа илрүүлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хүний амь насанд 24 жилийн өмнө хүрсэн этгээдийг илрүүлжээ.

Тодруулбал, 1996 оны аравдугаар сарын 9-10-нд шилжих шөнө Налайх дүүрэгт гадны нөлөөтэй нас барсан хүн амины хэрэг гарч байв.

Уг хэрэгт нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид тасралтүй мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үр дүнд 24 жил 10 сарын дараа амь хохирогчийн танил 51 настай, эрэгтэй А гэгч уг гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоожээ.

Улмаар 2021 оны наймдугаар сарын 9-ний өдөр Налайх дүүргийн прокурорын газраас хэргийн холбогдогч А гэгчийг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд зааснаар:

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

  • 2.1.онц харгис хэрцгийгээр;
  • 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
  • 2.3.захиалгаар;
  • 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
  • 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
  • 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
  • 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж;
  • 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
  • 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
  • 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
  • 2.11.бүлэглэж;
  • 2.12.эрүүдэн шүүж;
  • 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
  • 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж тусгасан байдаг.