Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Яриа хэлэлцээ үр дүнд хүрэхгүй бол Талибантай тулалдахаа Ахмад Массуд мэдэгдэв

Т.Давааням, ikon.mn
2021 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Афганистан дахь Талибаны дэглэмийг эсэргүүцэгч гол хүчний тэргүүн Ахмад Массуд хэрвээ найрамдлын яриа хэлэлцээ үр дүнд хүрэхгүй бол дайтахад бэлэн байгаагаа Ням гарагт мэдэгджээ.

Массуд нь 1980-аад оны үед Зөвлөлтийн цэрэгтэй тулалдаж байсан партизаны дайны гол удирдагчдын нэг Ахмад Шах Массудын хүү юм. "Панжширийн арслан" хочтой, тажик гаралтай Ахмад Шах Массуд сүүлдээ Талибаны дэглэмийг эсэргүүцэн дайтаж байгаад 2001 онд алагдаж байжээ.

 
Ахмад Шах Массуд

Одоо Талибанчуудын эзэлж чадаагүй байгаа ганц муж нь Хиндүкүш уулын бүсэд оршдог Панжшир юм.

“Урагшлах ганцхан зам бол яриа хэлэлцээ болохыг бид Талибанчуудад ойлгуулахыг хүсэж байна. Бид дайн дэгдээх хүсэлгүй” гэж Ахмад Массуд утсаар Ройтерс агентлагийн сэтгүүлчтэй ярихдаа мэдэгджээ.

Гэхдээ Панжширийг эзлэх оролдлого гарвал Талибанчуудтай дайтахад бэлэн байгаагаа тэр бас мэдэгдсэн юм. Ингэхдээ зөвхөн Панжширийг хамгаалаад зогсохгүй, бүх Афганистаныг чөлөөлөх дайн явуулж чадахаа тэр амласан байна.

Афганистаны олон үндэстэн угсаатнуудын төлөөллийг оролцуулсан Кабулын шинэ засгийн газрыг байгуулах хүсэлтэй, харин дан ганц Талибаны дэглэм тогтох ёсгүй гэж Массуд үзэж байна.

 

Эх сурвалж: Reuters