Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Афганистанаас нүүлгэн шилжүүлэх ажилд Америкийн иргэний агаарын тээврийн компаниудыг дайчилжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт АНУ-ын засаг захиргаа өөрийн улсын иргэний агаарын тээврийн компаниудыг Афганистанаас америкчууд, афганчууд, бусад гадаадын харьяатуудыг нүүлгэн гаргах ажилд дайчилжээ.

“Афганистанаас явах хүсэлтэй бүх Америкчуудыг нүүлгэн гаргахад бид чадах бүхнээ зориулах болно” гэж Пентагоны тэргүүн Ллойд Остин өчигдөр мэдэгдсэн байна. Нүүлгэн шилжүүлэх ажилд АНУ-ын холбоотон Афганчуудыг ч бас хамруулахаа тэр амлажээ.

American Airlines, Atlas, Delta, Omni, Hawaiian, United зэрэг нийт 18 агаарын тээврийн компанийн нисэх онгоцыг уг ажиллагаанд дайчлахаар болсон байна.

Эдгээр нисэх онгоцнууд дан ганц Кабулаас иргэдийг гаргахад оролцохгүй, тэндээс Катар, Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират улсад хүргэгдээд байгаа иргэдийг эх оронд нь тээвэрлэх юм.

Пентагон Кабулаас иргэдийг нүүлгэх ажлыг наймдугаар сарын 31-нд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

Хэрвээ хугацаандаа амжихгүй бол сунгах хүсэлтээ ерөнхийлөгч Жо Байденд гаргахыг Ллойд Остин үгүйсгээгүй байна.

15,000 хүртэл Америкчуудыг Афганистанаас нүүлгэн гаргах шаардлагатай гэсэн тоог Цагаан ордноос гаргажээ. Үүнээс гадна өөрийн холбоотон афганий иргэд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд болох нийт 50,000 хүнийг дүрвүүлэх зорилт тавиад байна.

Талибанчууд Кабулын нисэх онгоцны буудалд хүрэхээр явж байгаа иргэдийг зодох, сүрдүүлэх явдал гарч байгаа гэсэн мэдээлэл бий. Харин Пентагоны тэргүүн АНУ-ын паспорттой хэнийг ч Талибаны тал саадгүй нэвтрүүлж буйг баталжээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш Бямба гараг хүртэл нийт 17,000 хүнийг Афганистанаас Катар, Кувейт зэрэг улсууд руу нүүлгэн шилжүүлсэн байна. Тэдгээрийн 2,500 орчим нь АНУ-ын иргэд байжээ.

Дайны үеийн ажиллагаанд иргэний агаарын тээврийг дайчлах CRAF (Civil Reserve Air Fleet) хуулийг өмнө нь 1990-1991 оны Персийн булангийн дайн, 2002-2003 оны Иракийн дайны үеэр хоёр удаа л хэрэгжүүлж байсан юм. 

 

Эх сурвалж: AFP