Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн ерөнхий сайд “Covid Zero” бодлогоосоо ухрах санааг цухуйлгажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Австрали улсын засгийн газар хилээ хааж, өөрийгөө гадаад ертөнцөөс тусгаарлах замаар коронавирусийн цар тахлыг дарах “Covid Zero” бодлого баримталж байгаа. Ийм бодлогыг Хятад, Шинэ Зеланд зэрэг улсууд цар тахалтай тэмцэхдээ баримталж байгаа юм.

Эхэн үедээ “Covid Zero” үр дүнгээ өгч, Австрали нь цар тахалтай амжилттай тэмцэж буй улсуудын нэгт тооцогдож байв.

Гэсэн хэдий ч сүүлийн өдрүүдэд тус улсын томоохон хотуудад халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна. Тухайлбал Австралийн хамгийн том хот Сиднейд өчигдөр халдварын 830 шинэ тохиолдол нэмэгдсэн нь цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тус хотод зургаадугаар сарын сүүлчээс эхлэн хөл хорионы хатуу дэглэм тогтоосон нь үр дүнд хүрээгүй байна.

Бямба гарагт мянга мянган австраличууд Мелбурн, Сидней хотуудын гудамж талбайд жагсаж, хөл хорионы хатуу дэглэмээ цуцлахыг эрх баригчдаас шаардсан байна. Энэ үеэр жагсагчид цагдаа нартай мөргөлдөж,  хэдэн зуун иргэнийг баривчилж, долоон цагдаагийн ажилтан бэртжээ. Мелбурн хотын цагдаагийн газар энэ удаагийн жагсаалыг сүүлийн 20 жилийн түүхэнд гараагүй хатуу ширүүн тэмцэл байсныг мэдээлсэн юм.

Ням гарагт Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон news.com.au сайтад бичсэн өгүүлэлдээ “Covid Zero” бодлогоос ухрах санааг цухуйлгасан байна.

“Одоогоор хөл хорио тогтоох арга зайлшгүй шаардлагатай байгаа нь гашуун үнэн. Гэхдээ ийм аргаар удаан явахгүй нь тодорхой боллоо” гэж ерөнхий сайдын өгүүлэлд бичжээ.

Моррисоны бичсэнээр Австралийн засгийн газар халдварын тохиолдлыг бууруулах биш, харин хүндээр өвчилсөн хүмүүсийн тоог бууруулахад илүү анхаарал хандуулахаар төлөвлөж буйг бичсэн байна.

Тэрбээр шинэ бодлого хэзээнээс хэрэгжих талаар дурдаагүй ч хүн амын вакцинжуулалт 70-80 хувьд хүрэх үед өөр арга замаар ажиллахаа амлажээ.

“Энэ бол коронавирустэй зэрэгцэж амьдрах тухай асуудал юм. Хорио цээрийн дэглэмээ цуцлах үед халдварын тохиолдлын тоо өсөх нь тодорхой. Энэ бол гарцаагүй үзэгдэл” гэж Моррисон бичсэн байна.

 

Эх сурвалж: CNN