Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

“Уурхай хаах төлөвлөгөө”

ikon.mn
2021 оны 8 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Канад, Австраличууд уурхай хаахдаа сайн юм гэнэ. Монголчууд яахав суралцаж л явна. Угаасаа сурахаас ч өөр аргагүй. Гэхдээ энэ бол нүүрсээ олборлож эхлэхээс нь өмнө болиулах биш. Эсрэгээрээ олборлолт дууссаны дараа яах вэ гэдгийг бүр эхнээсээ бодолцож, төлөвлөхийг хэлж байгаа юм.

“Mine Closure” буюу Уурхайн хаалтын тухай олон улсын хурал жил бүр болдог. Уурхай ажиллуулдаг олон орны судлаачид, мэргэжилтнүүд оролцож, бие биенээсээ үг сонсдог арга хэмжээ. Энэ жил монголчууд Ази тивээс анх удаа зохион байгуулсан. Мөн цар тахлаас болж анх удаа виртуалаар болов. Олон судлаач оролцож, 26 орны жишээг ярилцаж, 36 судалгааны өгүүлэл гаргажээ.

Монголын уул уурхайн салбар 100 жилийн түүхтэй гэдэг. Энэ хугацаанд юу эс болохов.

1974 оноос хойш ажиллуулж байгаа Эрдэнэтийн зэсийн уурхайг дагаж 100 мянга гаруй хүнтэй нэг хот боссон. Гэхдээ хотын эдийн засгийн 92% нь “Эрдэнэт” үйлдвэрээс хамааралтай байна. 30-40 жилийн дараа уурхайн нөөц шавхагдаж хаагдах үед энэ хот яах вэ гэдэг асуултыг УУХҮЯ-ны мэргэжилтэн тавьж байлаа. Уурхай хаагдсан ч эргэн тойрных нь амьдралыг хэвийн үргэлжлүүлэх тэр төлөвлөгөөг одооноос л гаргах ёстой гэнэ.

Уул уурхайн том бүс болсон Өмнөговь аймагт орон нутгийн төсвийн 60-65%-ийг уул уурхайн компаниуд бүрдүүлдэг гэсэн тооцоог “Mine Closure 2021” дээр мөн тодотгон хэлж байлаа. Аливаа нэг уурхай хаагдах үед тухайн газар нутгийн байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хэрхэн алдагдуулахгүй байх вэ гэдэг төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэхийг “Уурхайн хаалт” гэж томьёолоод байна.

Заамрын алтны ил уурхай бол хамгийн муу жишээнүүдийн нэг. “Нинжа” гэж нэрлэгддэг гар аргаар алт олборлогч нар 1990-ээд оны дунд үеэс энэхүү дүүргээс алт ухаж эхэлсэн. Маш олон бичил уурхайнууд бий болж, хөрсийг замбараагүй сэндийчиж, Туул голыг бохирдуулж, экосистемийг алдагдуулж байлаа. Өнөөдөр ч зохицуулалт муутай хэвээр байна. Үүнээс болж орон нутгийн малчид бэлчээрийн талбайгүй болж, байгаль орчин нь асар ихээр сүйдсэн. Үүнээс гадна Заамарын “Нинжа” нар уул уурхай явагдаж байгаа газар олигтой юм үлддэггүй гэсэн ойлголтыг нийтэд үлдээчихсэн нь харамсалтай.

Энэ нь улсын бодлогод үе үе тусгалаа олдог. Орон нутгийн эсэргүүцэл, иргэдийн үл ойлголцлоос болж хайгуулын лицензийн тоог эрс хумьчихсан. 2008 онд хайгуулын лиценз 4111 байсан бол 2020 онд 916 болж, нийт газар нутгийн 3%-ийг хамарч байна. Уг нь сүүлийн жилүүдэд ДНБ, төсвийн орлогын 1/4, экспортын орлогын 90%-ийг уул уурхай дангаараа бүрдүүлэх болсон. Цаашид нөөц боломж ихтэй том ордууд нээж илрүүлье гэвэл эрэл хайгуулаа л сайн хийх ёстой байлтай.

Уурхайн хаалтын төлөвлөгөөг сайн боловсруулахын тулд тухайн уул уурхайн компани, орон нутгийн иргэд, засаг захиргаа хоорондоо харилцан ярилцаж, ойлголцож, асуудлуудаа гаргаж, дундын шийдлээ бүх талын оролцоотойгоор боловсруулах нь чухал гэдгийг “Mine Closure 2021”-д оролцогчид хэлж байлаа.

Бодит байдал дээр Монголд жижиг, дунд уурхайнууд “Уурхайн хаалтын төлөвлөгөө”-гөө зохистой гаргаж чаддаггүй нь санхүүгийн бэрхшээлээс болдог гэсэн санаа ч бас гарсан юм. Компанид учрах санхүүгийн дарамтыг багасгах нэг арга нь уурхайн үйл ажиллагаа эхлэхээс өмнө уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг төлөвлөж, хэрэгжүүлж эхлэх.

Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд Алтан цагаан овоо ордод олборлолт хийж байгаа Степ Голд компани уурхайн үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө урьдчилсан хаалтын төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлээд эхэлжээ. 2018 онд компани мод үржүүлэг, бойжуулгын туршилт судалгаа хийж эхэлсэн. Биологийн олон янзын суурь судалгаануудыг явуулж, жил бүр 100 орчим сая төгрөгийг энэ ажилд зарцуулж байна. Степ Голд компани хамгийн сүүлд Тосон хулстайн байгалийн  нөөц газарт 100 тарвага сэргээн нутагшуулсан. Хулгайн ангаас үүдэлтэйгээр тоо толгой нь хорогдсон тарвагыг сэргээн нутагшуулснаар хөрсийг сийрэгжүүлж, ургамлын нөмрөгт эергээр нөлөөлж, эко системийг тэнцвэржүүлэхэд ач холбогдолтой гэж үзжээ. Мөн хөрс, усны шинжилгээнүүдийг тогтмол хийж байна.

 

Цаашид дэлхий даяар технологийн хөгжлийг дагаж, уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн эрэлт хэрэгцээ улам бүр өсөж байна. Энэ хэрээрээ уул уурхайн том төслүүдийн ач холбогдол өсөж, тэднийг хөдөлгөх санхүүгийн эх үүсвэрийг хөрөнгийн захаас, баялгийн сангуудаас татах хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэнэ. Харин хөрөнгө оруулагчид аливаа төсөлд мөнгөө оруулахдаа байгаль орчин, нийгэм, засаглалын үзүүлэлтийг чухалчлан авч үздэг болж байгааг “ATC Williams” зөвлөх үйлчилгээний компанийн төлөөлөгч тодотгосон юм.

Тэгэхээр угаасаа дэлхий даяараа уурхайн хаалтын төлөвлөгөөг хардаг болчихож. Бас гадны биржид бүртгэлтэй, санхүүжилт татаж чадсан төсөл гэдэг нь олон улсын стандарт, шалгуурт нийцсэн сайн жишиг гэсэн үг болж байна.

Монгол Улсад уул уурхайн нөхөн сэргээлтийн асуудлыг 2016 оноос чухалчлан тавих болсон. Үүний үр дүнд мөн жилдээ олборлолт явуулсан болон нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээ тэнцсэн болохыг УУХҮЯ мэдээлсэн юм. Мөн 2019 оноос эхлэн лиценз эзэмшигчдийг уурхайн хаалтаас 3 жилийн өмнө хаалтын төлөвлөгөөгөө батлуулах шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлжээ. Одоо энэ намар УИХ-д өргөн барих Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Уурхайн хаалтын санхүүгийн баталгааг бий болгох” зохицуулалтыг тусгаж өгсөн байна. “Уурхайн хаалт”-тай холбоотой зохицуулалтууд улам л нарийсч байна гэсэн үг.

Ямартай ч “Mine Closure 2021” арга хэмжээ 3 өдрийн турш болж өндөрлөв. Хариуцлагатай уул уурхай ямархуу жишгээр хөгжиж байгаа болон бид хаах нь яваа вэ гэдгээ харж болохуйц өгөөжтэй, сонирхолтой хэлэлцүүлгүүд өрнөлөө.

 

Б.Төгс

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.