Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Афганистаны эмэгтэй хөлбөмбөгчдийг FIFA гадаадад дүрвүүлэхээр ажиллаж байна

Т.Давааням, ikon.mn
2021 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Исламын хатуу чиг шугам баримтлагч Талибан хөдөлгөөний мэдэлд шилжээд байгаа Афганистан улсаас тус улсын эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчдыг дүрвүүлэхээр ажиллаж байгаагаа FIFA мэдэгджээ.

Дэлхийн хөлбөмбөгийн спортын дээд байгууллага хэд хэдэн улсын засгийн газартай эмэгтэй тамирчдыг аюулгүй дүрвүүлэх төлөвлөгөөг хэлэлцэж байгаа юм байна.

Энэ долоо хоногийн эхээр Афганистаны эмэгтэй шигшээ багийн ахлагч асан Халида Попал тамирчдын аюулгүй байдалд санаа зовж байгаагаа илэрхийлээд FIFA-гаас тусламж хүссэн юм. Тэрбээр 2007 онд Афганий анхны эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ багийг байгуулагдахад ахлагчаар тоглож байжээ.

Кабул хотыг Талибанчууд эзэлсний дараа тус улсын хөлбөмбөгийн эмэгтэй тамирчид нууц байдалд шилжсэн гэнэ. 20 жилийн өмнө Афганистаныг хянаж байсан Талибаны дэглэмийн үед охид бүсгүйчүүдийн сурах боловсрох, спортоор хичээллэхийг хориглож байсан юм.

Шариатын хуулийг зөрчвөл олон нийтийн өмнө зодож шийтгэдэг, цаашилбал цаазалдаг байв.

Афганистаны эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ багийн туслах дасгалжуулагчаар 2016-2018 онд ажиллаж байсан АНУ-ын иргэн Хали Картер нууц байдалд байгаа хэд хэдэн тамирчинтай холбоо тогтоосноо мэдээлжээ.

“Хэрвээ тэднийг гадаад ертөнцтэй харилцаж байгааг хэн нэгэн мэдвэл амь насанд нь улам их аюул учирна” гэж Картер BBC сувагт ярьсан байна.

FIFA эмэгтэй тамирчдын нөхцөл байдлын талаар Афганистаны Хөлбөмбөгийн Холбооноос тогтмол мэдээлэл авч байгааг мэдэгдэлдээ дурдсан байна.

 

Эх сурвалж: BBC