Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн эсрэг вакцины хоёр тунг хийлгэсэн иргэдийн тоо хүн амын 63 хувьд хүрэв

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улс коронавирусийн эсрэг дөрвөн төрлийн вакцинаар 12-оос дээш насны иргэдээ дархлаажуулж буй.

Өнөөдрийн байдлаар хүн амын 63 хувь буюу 2,051,56 иргэн вакцины хоёр дахь тунг хийлгэсэн байна. Харин нэгдүгээр тунд 68.4 хувь буюу 2,226,436 хүн хамрагдаад байна.

 

"Хүн амын 70 хувь буюу 2.2 сая хүн коронавируст халдварын эсрэг дархлаатай болж байж сүргийн дархлаа тогтлоо гэж үзнэ” гэж УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн доктор Т.Бэгзсүрэн өмнө нь хэлж байв.

Мөн ХӨСҮТ-ийн судалгаагаар вакцин нас баралтаас 93%, халдвараас 75% хамгаалж байгаа нь нотлогджээ.

Гэсэн хэдий ч манай улсад коронавирусийн дельта хувилбарын тархалт эрчимтэй нэмэгдэж байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулсан.

Уг хувилбар нь маш хурдан хугацаанд тархах чадвартай бөгөөд уг хувилбараар өвчилсөн тохиолдлын 95-аас дээш хувь нь эмнэлэгт хэвтэх эрсдэлтэй.

Үүнтэй холбоотойгоор цар тахлын тэргүүн эгнээнд ажиллаж буй Шуурхай хариу арга хэмжээний багийн гишүүдийн дархлааг нэмэгдүүлэх зорилгоор АстраЗенека вакцины гурав дахь тунг сайн дураар хийж эхлээд байгаа.

Иймд халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, халдвараас сэргийлэхийг сануулж байна.

COVID-19 халдварын нөхцөл байдал болон вакцинжуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.