Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Сургууль, цэцэрлэг дээр халдвар гарснаас зургаан хоногийн дараа хүүхдүүдээс PCR шинжилгээ авахад төлбөр шаардахгүй"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Баярболд сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Танхимын хичээл нэг, хоёр сарын дараа буцаад хаагдаж магадгүй гэсэн яриа эцэг эхчүүдийн дунд байна. Энэ эрсдэлийг тооцож байгаа юу?

-Халдварын улаан болон улбар шар түвшинд хүүхдүүд танхимын болон зайн хэлбэрээр хичээллэнэ.

Халдварын тархалтын нөхцөлөөс хамаарч бид аль болох боломжийн түвшинд танхимаар хичээллүүлэх зөвлөмж өгч байгаа. Тиймээс хичээл танхимаар сар хичээллээд хаагдах эсэх асуудлыг хэлэхэд хэцүү. Ямартай ч хүн бүр халдвараас хамгаалах дэглэмээ баримталбал хүүхдүүдээ анги танхимдаа хичээллэх нөхцөлийг хангана.

Хүүхдүүдийг анги танхимд нь боловсрол эзэмшүүлэхийн тулд эцэг, эхчүүд вакцинд хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ сайн мөрдөх ёстой. Түүнээс биш зөвхөн хүүхдүүд анги танхим дээрээ дэглэм мөрдсөнөөр энэ асуудал шийдэгдэхгүй.

-Хүүхдүүдээс PCR эсвэл түргэвчилсэн шинжилгээ авах уу. Хэрвээ авахаар бол зардал мөнгийг нь хаанаас гаргах вэ?

-Журмын дагуу сургууль, цэцэрлэг дээр батлагдсан тохиолдол илэрвэл долоо хоногийн хугацаанд цахим хэлбэрээр хичээллэнэ. Ингэхдээ зургаа дахь хоног дээр PCR шинжилгээ авна. Ойрын хавьтлуудын шинжилгээг үнэ төлбөргүй хийдэг. Яг энэ зарчмаар хүүхдүүдээс шинжилгээ авах юм.

Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэг дээрээс халдвар гарснаас зургаан хоногийн дараа шинжилгээ өгөхөд эцэг эхээс ямар нэг байдлаар мөнгө гарахгүй гэдгийг хэлье. Мөн хүүхдээс шинжилгээний сорьц авахдаа аль болох хүндрэл багатай аргуудыг сонгох зохицуулалт хийгдэнэ.

-Сургууль дээр хүүхэд хүндээр өвдсөн тохиолдолд эмнэлэгт хэрхэн шилжүүлэх вэ. Мөн БШУЯ болон ЭМЯ-наас гаргасан журмын хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих вэ?

-Сургууль бүрд тандалтын баг ажиллана. Хэрвээ хүүхдэд шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тухайн Өрхийн эрүүл мэндийн төвд мэдэгдэж, тогтсон журмын дагуу хариу арга хэмжээг авч ажиллана.

ЭМ-ийн сайд болон БШУ-ны сайдын хамтарсан тушаалд Төрийн нарийн бичгийн хүрээнд хяналт тавина.

Харин журмын хэрэгжилдтэд Мэргэжлийн хяналтын байгууллага болон тухайн сургуулийн дотоод хяналтын нэгжүүд хяналт тавьж ажиллана.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/3008455596040093