Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ Украиныг Афганистан шиг орхих магадлалтайг ОХУ-ын өндөр албан тушаалтан анхааруулжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Николай Патрушев

Сүүлийн үед АНУ тэргүүтэй NATO-гийн цэргийн хүч Афганистанаас гарч, Исламын хатуу чиг шугам баримтлагчид хүчирхэгжсэн нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна.

Уг үйл явдал АНУ-ын нэр хүндийг дэлхийн тавцанд унагаж, ерөнхийлөгч Жо Байдены рэйтингт сөргөөр нөлөөлж болзошгүй болоод байгаа.

Тэгвэл Орос, Хятад зэрэг улсууд энэхүү боломжийг суртал нэвтрүүлэгтээ ашиглаж эхэлжээ.

Хэд хоногийн өмнө Хятадын төрийн хэвлэлд Тайвань арал АНУ-ын хүчинд найдах хэрэггүйг Афганистанд өрнөж буй үйл явдлаар жишээ татан бичиж байв.

Тэгвэл өчигдөр ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев “Украин улс АНУ-тай түншилбэл ирээдүйд Афганистан шиг хаягдах магадлалтай” хэмээн Известия сонинд ярьжээ.

“Киевийн эрх баригчид NATO-д элсэхийг чармайж байгаа. Гэхдээ АНУ өөрийн холбоотон гэгдэж байсан Кабулын засгийн газрыг аварсангүй. Америкийг сонговол Украиныг ижил төстэй ирээдүй хүлээж байгаа” гэж Патрушев ярьсан байна.

Украинд өрнөдийн талыг баримтлагчид засгийн эрхэнд гарсны дараа Крымийн хойгийг ОХУ өөртөө нэгтгэж, дорнод хязгаарт нь салан тусгаарлах хөдөлгөөнийг дэмжиж эхэлсэн юм.

Москвагийн дэмжлэгтэй салан тусгаарлах дайнд өнгөрсөн хугацаанд 14,000 орчим хүн амь үрэгдсэн тухай Украины тал мэдээлдэг.

АНУ-ын засаг захиргаа Украинд төрөл бүрийн тусламж дэмжлэг үзүүлдэг ч энэ нь Афганистанд 20 жилийн турш цутгасан мөнгөтэй харьцуулахад өчүүхэн юм.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энэ сарын сүүлээр Вашингтонд айлчилж, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзахаар төлөвлөж байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин түүнийг “Вашингтоны хүүхэлдэй” гэж нэрлээд уулзахаас татгалзсаар байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters