Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Kill Bill” кинонд дүр бүтээсэн Японы алдартай жүжигчин 82 насандаа Covid-19 өвчнөөр таалал төгсжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Гадаадад Сонни Чиба нэрээр алдаршсан Японы алдарт жүжигчин Шиничи Чиба Covid-19 өвчний хүндрэлээр Токиогийн ойролцоох эмнэлэгт нас барсныг албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

Фүкүока мужийн уугуул Чибагийн нас сүүдэр 82 хүрээд байсан юм. Тэрбээр 1960-аад оны үеэс эхлэн тулаант төрлийн кинонуудад дүр бүтээж, Япон даяар алдаршжээ.

1974 онд каратэгийн тулааны урлагийг үзүүлсэн “The Street Fighter” кино нь АНУ-д хит болсноор Чиба гадаад ертөнцөд танигдаж байв.

2003 онд тэр найруулагч Квентин Тарантиногийн “Kill Bill: Vol.1” кинонд сэлмийн мастер Хаттори Ханзогийн дүрд тоглосноос гадна киноны тулааны хэсгүүдэд багшаар ажиллажээ.

Японы хэвлэлд бичсэнээр Чиба нь 1950-аад оны сүүлээр гимнастикийн тамирчин байсан ч гэмтлийн улмаас зодог тайлж байсан гэнэ. Сүүлд тэр кёкүшин каратэгийн хар бүстэй болж, жүжигчний замналаа эхлүүлжээ.

Сонни Чиба долдугаар сарын сүүлээр коронавирусийн халдвар авсны дараа гэртээ эмчлүүлсэн байна. Гэвч хэд хоногийн дараа бие нь улам муудсан тул наймдугаар сарын 8-ны өдөр Чиба мужийн эмнэлэгт хүргэгдэж, эрчимт эмчилгээ хийлгэж эхэлжээ. Тэрбээр коронавирусийн эсрэг вакцин тариулаагүй байсныг албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Чиба нь амьдралдаа хоёр удаа гэрлэж, гурван хүүхдийн эцэг болсон юм. Анхны эхнэр, жүжигчин Ёко Ногивагаас нэг охин төрсөн нь сүүлд жүжигчин болжээ. Хоёр дахь гэрлэлтээс нь төрсөн хоёр хүү бас жүжигчид болцгоосон байна.

 

Эх сурвалж: Kyodo News