Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Арматур үйлдвэрлэгчид төрөөс дэмжлэг хэрэгтэй байгааг онцоллоо

Т.Саран, iKon.mn
2021 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл бололвсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны болон Төсвийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг УИХ-ын Байнгын хорооны тогтоолоор энэ оны тавдугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан.

 
parliament.mn

УИХ-ын гишүүн Х.Ганхуягаар ахлуулсан тус Ажлын хэсэг өчигдөр хуралдаж, арматур болон барилгын хөөсөнцөр үйлдвэрлэгчидтэй цахимаар холбогдон, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.

КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан импортын бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж, хомсдол үүссэнээр гол нэр төрлийн барилгын материал болон түүхий эдийн үнэ ханш 80 хүртэл хувиар нэмэгдсэн нь барилга, бүтээн байгуулалтын ажлуудад хүндрэл үүсгээд байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Байнгын хорооны зүгээс холбогдох байгууллага, албан тушаалтан, шаардлагатай бол Засгийн газарт чиглэл хүргүүлэхээр ажиллаж байна гэж УИХ-ын гишүүн, хамтарсан ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг уулзалтын эхэнд тэмдэглэв.

Тэрбээр, өнөөдрийн уулзалтаар барилгын материал үйлдвэрлэгчдийг дэмжих хүрээнд импортын хамаарлаас ангид байх, зайлшгүй татан авах бараа бүтээгдэхүүний тээврийн зардлыг бууруулах, эрчим хүчний хөнгөлөлтөд хамруулах зэрэг асуудлыг хэлэлцэж, санал авна гэв.

Арматур үйлдвэрлэгчид төрөөс дэмжлэг хэрэгтэй байгааг онцолж байв. Үүнд, хөнгөлттэй зээл, эрчим хүчний хөнгөлөлт, түүхий нүүрс хэрэглэх зөвшөөрөл олгох зэрэг санал хэлж байв.

Түүхий эд, материалыг яаралтай нэвтрүүлэх шаардлага үүссэн

 
parliament.mn

Харин хөөсөнцөр үйлдвэрлэгчид хэлэхдээ, хөөсөн полистрол хавтангийн түүхий эдийн нийлүүлэлт багассан шалтгаан нь хөөсөн полистролын үрлийг аюултай бүтээгдэхүүний жагсаалтад хамруулж, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр авто тээврээр тээвэрлэхгүй байгаагаас Эрээн хотод татан авалт хийгдэхгүй байна. Иймд түүхий эд, материалыг яаралтай нэвтрүүлэх шаардлага үүсээд байгаа тул үүнд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэв.

УИХ-ын гишүүн, хамтарсан ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг хил дээр саатсан бараа бүтээгдэхүүний мэдээллийг ирүүлэхийг оролцогчидоос хүсч, энэ тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн гадаад худалдаа, боомт хариуцсан албан тушаалтнуудтай маргааш уулзаж, мэдээлэл сонссоны дараа Байнгын хорооноос Засгийн газарт чиглэл хүргүүлж, ажиллахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.